Хотын хөгжлийг хойш нь чангаагч А.Энхманлай

Хотын хөгжлийг хойш нь чангаагч А.Энхманлай

Улаанбаатар хотын иргэн та аз жаргалтай байна уу? Уг нь 2016 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан өнөөгийн эрх баригч МАН хотын иргэн та биднийг аз жаргалтай Улаанбаатарт амьдруулна гэсэн шүү дээ.

Уур бухимдал төрөхгүй, урагшаа алхахад айдасгүй, гудамж талбай нь аюулгүй, шөнө орой явахад гэрэлтэй, хөгшид нарлах, хүүхэд тоглох талбайтай, авто машинтай зэрэгцэн айдас хүйдэст автсан замаар зорчихгүй байвал тэр нь Улаанбаатар хотын иргэдийн АЗ ЖАРГАЛ юм даа. Гэтэл үүний төлөө урагшлан байсан нэгэн ажил бараг л таг зогсчихлоо.

Нийслэлийн газрын албанаас хашаа нэгдсэн арга хэмжээг хэдэн жил дараалан хэрэгжүүлж байгаа. Тэр дундаа дэлгэр зуны цагт энэхүү арга хэмжээ эрчимжиж, иргэдийн хүсэлт дээр тулгуурлан өрнөдөг билээ. Энэхүү ажлын үр дүнд Улаанбаатар хотын олон гудамж талбай чөлөөлөгдөж, мөн олон гарц хаасан хашаа нураагдсан билээ. Үүгээр зогсохгүй иргэдийн явган явах замыг хааж барьсан, байршуулсан барилга байгууламжийг хүртэл нураах ажил явагдаж байлаа.

Харин сүүлийн хэдэн сар энэхүү ажил таг гацчихжээ. Өдөр бүр л хашаа арга хэмжээний хүрээнд ийм гудамж чөлөөлөв. Тийм гарцыг нээв хэмээн мэдээлэл дамжуулдаг байсан Нийслэлийн газрын албанаас энэ тухай мэдээлэл огт гарахгүй байна.

Нийслэлийн газрын албанд иргэд гомдол ирүүлэхгүй байна уу? Гэхээр тийм биш юм аа. Нийслэлийн газрын албаны ажиллуулдаг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нэртэй фэйж хуудсанд иргэдийн гомдол тасралтгүй ирж байгаа юм байна. Харин түүнийг нь хүлээн авсан, холбогдох хүмүүст дамжуулсан гэх хариу бичвэр алга.

Яг л нүдэн балай, чих нь дүлий гэгчээр л уг фэйж хуудас ажиллаж байгаа бололтой. Өөрсдөө ганц нэг ажил хийвэл түүнийгээ уг хуудсандаа байршуулчихдаг. Харин иргэд нь ажил хийгээрэй хэмээн шаардлага тавих, эсвэл хүсэлт бичихээр нь түүнийг нь тоож хардаггүй хүмүүс л уг байгууллагад ажиллаж байгаа бололтой юм.

Улаанбаатар хотын иргэний аз жаргал нь энгийн зүйлээс эхлэлтэй гэдгийг Нийслэлийн газрын албаны шинэ дарга А.Энхманлай ойлгоогүй бололтой. Харин үүнийхээ оронд хуучин дарга Х.Болорчулууны хийж хэрэгжүүлсэн ажлыг унагаах. Эсвэл түүний гар хөлийн үзүүр болсон хүн хэн байна. Түүнийг олж халах нь гол ажил нь бололтой. Ийм ч явган яриа Нийслэлийн газрын алба болон түүний харьяа дүүргийн газрын албаар шаагиж байгаа гэнэ.

Нийслэлийн газрын албаны дарга А.Энхманлайгийн хувьд ирсэн цагаасаа хойш олон хүнийг халах, эсвэл сэлгэх ажлыг хийжээ. Тухайлбал Нийслэлийн газрын албанд мэргэжилтэн байгаа хүнийг дүүргийн газрын албанд шилжүүлэн ажиллахдаа Төрийн албаны зэрэг дэвийг нь буулгахаар зүтгэж байгаа гэх гомдол явж байх юм.

Үүгээр зогсохгүй зарим ажилтандаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, фэйж дээрх сөрөг сэтгэгдлийг устгах, тийм сэтгэгдэл бичиж байгаа иргэдийг фэйж хуудсанаас хасах үүрэг өгсөн хэмээх явган яриа Нийслэлийн газрын албаны ажилчдын дунд хөвөрч байна.

Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд Нийслэлийн газрын албанд тайлагнах ажил, тайлбарлах бодлого, хэрэгжүүлсэн томоохон шийдвэр алга бололтой. Хэрэв байсан бол ажлаа сурталчилж, асуудлаа дэвшүүлж, ард олонд мэдээлэх байсан биз. Тийм л зүйл Нийслэлийн газрын албанаас гарч ирсэнгүй. Иймээс тус байгууллагын ажил шинэ дарга ирснээр унаж байгаа бололтой.

Уг нь Нийслэлийн газрын албаны ажил 87 орчим хувьтай өнгөрсөн 2018 онд дүгнэгдсэн юм билээ. Харин өнөөдөр энэхүү ажлын үр дүн нь хэд болон буурч байгаа юм бол доо.

Аз жаргалтай Улаанбаатар хотод амьдруулна хэмээн амласан амлалтаа биелүүлж чадахгүй бол С.Амарсайхан дарга та өөрөө огцор. Эсвэл ажил хийдэггүй, сайн хэрэгжиж байсан ажлыг гацаачихдаг А.Энхманлай мэтээсээ салж, хотын ажлыг хийсэн шиг хийчихдэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхгүй бол ирэх жил болох сонгуульд өвдөг шороодох нь байна шүү.