Кубийн нэр удирдагч, хувьсгалын эцэг, төрийн эрхийг 50 орчим жил барьсан Фидель Кастро орон нутгийн цагаар 22:29 цагт таалал төгссөн тухай түүний дүү, одоогийн Ерөнхийлөгч Раул Кастро мэдэгдлээ
Сүүлийн жил гаруйн хугацаанд Фидель Кастрогийн биеийн байдал муу байгаатай холбогдуулан тэрбээр олон нийтийн арга хэмжээнд тун ховорхон оролцох болсон юм.
Тэрбээр бурханы оронд заларсаны дараа шарилыг нь чандарлахыг захиж үлдээжээ. Нэр удирдагчтай салах ёс гүйцэтгэх ёслол, чандарлах үйл ажиллагаа бямба гарагийн өглөө болно хэмээн Раул Кастро хэллээ.
ХУВЬСГАЛЫН ЭЦЭГ ФИДЕЛЬ КАСТРО ГЭЖ ХЭН БЭ
Түүний жинхэнэ нэрийг Фидель Кастро Алехандро Рус гэдэг бөгөөд энэ нь Испани нэр юм. Учир нь түүний эцэг Анхел нь испани хүн байжээ. Испанийн колончлолыг эцэс болгож тусгаар тогтнолын төлөө тэмцэлд кубачуудтай байлдуулахаар Испанийн Засгийн газраас илгээсэн цэргүүдийн дотор Анхел дайчлагдан 1896 онд Кубад хөл тавьсан аж. 1902 онд Кубийг тусгаар тогтноход тэндээ үлдэж, Лина Рустэй гэж бүсгүйтэй сууж таван хүүхдийн эцэг эх болжээ. Энэ таван хүүхдийн нэг нь Фидель байлаа.
Фидель Кастро Рус 1926 оны наймдугаар сарын 13-нд Кубийн дорнод нутгийн Биран тосгонд чихрийн нишингэ тариалдаг томоохон эдлэн газар бүхий чинээлэг айлд төрсөн юм.
Кастро чинээлэг гэр бүлд төрж өссөн бөгөөд хуульчийн мэргэжлээр суралцжээ. Хаваны Их сургуульд суралцаж байхаасаа л Кубын улс төрийн тавцанд танигдаж эхэлсэн байна. Кастрог улс төрд хөл тавих үед АНУ-ын улс төрийг дэмжигч Фульхенсио Батист төрийн эрхийг гартаа авч улс оронд нь харгис дэглэм ноёрхож байв. Харгис дэглэмийн эсрэг Кастро тэмцэл өрнүүлэхэд хязгаарлагдмал байлаа.
1953 оны Монкада хуаран руу дайралт бүтэлгүйтэж түүний дараахан баригдаж шүүхээр яллагдсан ч чөлөөлөгдсөн юм. Тэр Мексикт очин Батистын засгийн газрыг түлхэн унагаж Кубыг эзлэн авахын төлөө тэмцэгчдийн хамт бэлтгэж байгаад 1956 оны арванхоёрдугаар сард Кубад ирэн тэмцлээ эхлүүлжээ.
1959 оны нэгдүгээр сарын 1-нд Кубад хувьсгал ялж, Батистын дарангуйлал үгүй болж удалгүй Кастро БНКУ-ын ерөнхий сайд болжээ. Тэрбээр 1965 онд Кубын Коммунист намын анхны нь ерөнхий нарийн бичгийн дарга болж Кубыг нэг намын тогтолцоот социалист төрийн статустай болгон өөрчлөв. 1976 онд Төрийн зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн тэргүүнээр томилогджээ. Түүнчлэн тэрбээр Кубын Хувьсгалт армийн тэргүүн захирагчийн албыг хашиж байв.
Нарийн гэдэсний хагалгааны хагалгаа хийлгэх үедээ урьд нь мэдэгдээгүй дуншиж байсан хоол боловсруулах эрхтний өвчнийг илрүүлэн эрчимт эмчилгээ хийлгэх шаардлага байсан тул өөрийн дүү, анхны дэд ерөнхийлөгч Раул Кастродоо 2006 оны долоодугаар сарын 31-нд Кастро албаа шилжүүлжээ. Кастрогийн биеийн байдлаас шалтгаалж улс орны тэргүүнээр цаашид ажиллах боломжгүй болсон тул бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгосоноос хойш тав хоногийн дараа буюу 2008 оны хоёрдугаар сарын 24-нд Раул Кастро Үндэсний Ассемблейд сонгогдсоноор Кубын ерөнхийлөгчөөр томилогдсон билээ.
Алдар суут Фидель Кастро амьдралынхаа 50 шахам жилд нь Эрх чөлөөний арлыг гартаа атгаж, дэлхийн сүүлчийн коммунист улсыг ээлжгүй жолоодож байсан түүхтэй. Фидель Америкийн зургаан Ерөнхийлөгч, ЗХУ хийгээд Оросын мөн зургаан удирдагчийн нүүрийг үзсэн.
Дүү Раул Кастрогийн хамт