Хөдөө орон нутгийн зарим дэлгүүр бараг л сар болчихсон амархан мууддаг бүтээгдэхүүн байдаг тухай иргэд хоорондоо ярьдаг. Гэтэл зарим үйлдвэрүүд ийм байдлыг нь ашиглан амархан мууддаг. Хугацаа богинотой бүтээгдэхүүнийг хөдөө орон нутагт борлуулахдаа хугацааг нь тавихгүйгээр савлаж зардаг болжээ. Ийм бусармаг үйлдлийг дотоодын зарим аж ахуйн нэгж хийх болсон талаар мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна. Тэдний хэлж байгаагаар бол сүү, сүүн бүтээгдэхүүн, талх нарийн боов, мах махан бүтээгдэхүүнийг орон нутагт борлуулахдаа хугацаа тавихгүйгээр зөөвөрлөж байсан байна. Гэтэл ийм төрлийн бүтээгдэхүүн нь тээвэрлэлт, хадгалалтын горим зөрчигдөж муудах эрсдэлтэй. Үүний улмаас хадгалах хугацаанд нь өөрчлөлт орж амархан муудаж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Энэ бүхнийг тооцохгүйгээр эрсдлийг үүсгэж байгаа аж ахуйн нэгжтэй мэргэжлийн хяналтын байгууллага зохих хариуцлагыг тооцсон байна. Гэвч иргэд худалдан авч байгаа бүтээгдэхүүнийхээ хугацаа, хадгалах горимыг сайн анзаарч худалдан авах шаардлага тулгарч байна. Үүний зэрэгцээ баяр ойртсон энэ үед хуурамч бараа бүтээгдэхүүнийг худалдах эрсдэлтэй тул найдвартай газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхаарууллаа.