Төмөр замын сүлжээнд 13 аймаг холбогдож, тээвэрлэлтийн хүчин чадал 180 сая.тонн болж нэмэгдэнэ
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Тээврийн долоо хоног" арга хэмжээнд төмөр замын салбарт төрөөс баримталж буй бодлогын талаар танилцуулсан илтгэлээс онцолж байна.
Монгол Улсын төмөр замын салбарт баримталж буй бодлого, стратегийг бүрэн хэрэгжүүлснээр төмөр замын урт 2661 км-ээр нэмэгдэж, Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний урт 4680 км болж 4 дахин өргөжинө.
Замын-Үүд-Алтанбулаг гэсэн эдийн засгийн ганцхан коридортой байсан бол Эрээнцав-Бичигтийн зүүн коридор, Арцсуурь-Шивээхүрэнгийн баруун коридоруудтай болж, нийт эдийн засгийн 3 коридортой болно.
Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав гэсэн төмөр замын 3 боомттой байгаа бол Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги боомтууд төмөр замаар холбогдож нийт 7 төмөр замын боомттой болно.
Энэхүү төслүүд хэрэгжсэнээр Монгол Улсын төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадал 180 сая тонн буюу 5 дахин өснө.
Өнөөгийн байдлаар тээвэрлэж буй 3.4 сая тонн транзит ачааг 40 сая тоннд, тээвэрлэж буй 8,2 сая тонн экспортын ачааг 80 сая тонн-д хүргэнэ.
Мөн БНХАУ-ын зөвхөн Тяньжин боомтоор бус Хуанхуа, Цинхуандао, Жинжоу, Инкоу, Далянь, Дандун, Ляньюунганг зэрэг далайн боомтуудаар, ОХУ-ын Алс дорнодын Ванино, Восточный, Находка, Владивосток, Посьет, Зарубино зэрэг далайн боомтуудтай холбогдох боломж бүрдэх төдийгүй цаашлаад Энэтхэгийн далайн Карачи, Бандар Аббас далайн боомт, Турк улсын Истанбул боомтоор дамжин Европын улсуудын боомтод хүрэх боломжтой бүрдэх юм.
Үүний үр дүнд манай улсын нийт 13 аймаг төмөр замын дэд бүтцэд холбогдож, нийт 4680 км урт үндэсний төмөр замын сүлжээтэй болж, ашигт малтмалын 230 орчим орд газар эдийн засгийн эргэлтэд орох, төмөр замаар нийт 180 сая.тн хүртэлх ачаа тээвэрлэх, шинээр 13 мянган байнгын ажлын байр, 20-30 мянган түр ажлын байр бий болох, дэд бүтэц дагасан томоохон суурьшлын бүсүүд бий болж хөгжих олон талын ач холбогдолтой.
Тэгвэл бүс нутгийн хувьд Монгол Улсын баруун зүүн төмөр замын шинэ коридор бий болсноор жилд тус бүр нь 25-30 сая тонн ачаа тээвэрлэх бөгөөд үүний 10-15 сая тонн нь транзит ачаа тээвэр байх боломжтой гэж ЗТХЯ-наас мэдээллээ.