БХБЯ: Дотоодын цементийн үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч ажиллахыг даалгав

БХБЯ: Дотоодын цементийн үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч ажиллахыг даалгав

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан 2023 оны 11 сарын 28-ны өдөр боллоо. Шуурхай хуралдааныг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо удирдаж явууллаа.
 
Хуралдааны эхэнд өнгөрсөн шуурхайгаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлуудын мэдээллийг танилцуулав. Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
 
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, НҮБ-ын суурин төлөөлөгч Матильда Димовскатай хийсэн уулзалтын хүрээнд “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг инженерийн дэд бүтцэд ашиглах” төслийн мэдээллийг хүргүүлж, холбогдох санхүүжилтийг буцалтгүй тусламжийн хөрөнгөөр шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
 
Барилга байгууламжийн норм, нормативийн сангийн журмыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд холбогдох газруудаас санал авч тусган, журмын төслийг боловсруулж байна.
 
“Сэлбэ сэргэлт” төслийн далан, зам, гүүрийн тохижилтын ажлын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийн захиалагч, гүйцэтгэгч нарын ажил, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, гарсан шийдвэрийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж рүү албан бичгээр хүргүүлэв.
 
Барилгын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ болон тандан судалгаа хийх, хуулийн төсөл боловсруулах, санал авах хэлэлцүүлгүүдийг зохион байгуулав.
 
Замын-Үүд хилийн боомтод Барилгын материалын сорилт шинжилгээний түргэвчилсэн лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж, ажиллах хүчний судалгааны жагсаалт, санамж бичгийг танилцуулав.
 
“Хавдар судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг-2 –ын зургийн даалгавар, загвар зургийг Өндөр барилга, газар хөдлөлтийн урьдчилсан арга хэмжээ, тооцооны орон тооны бус мэргэжлийн зөвлөл өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хуралдаж хэлэлцэж, зөвлөмж, шийдвэр гаргав.
 
Салбарын байгууллагуудын ажил мэргэжлийн онцлог, амжилт бүтээл, ур чадварыг үнэлэх “Ажил мэргэжлийн уралдаан-2023”-ыг зохион явууллаа.
 
Хяналт шалгалтын дүнгээр улсын /ахлах/ байцаагчийн 136 албан шаардлага, 57 дүгнэлт, 185 зөвлөмж, 12 ААН-д 61 сая төгрөгийн шийтгэл ногдуулж, 57 барилгын үйл ажиллагааг түр зогсоож, 294 барилгын хамгаалалтын түр хашаа, хамгаалах тор, хаалт, хашлага, шат, лифтний хонгилын хаалт, хашлага, мэдээллийн самбар, эрсдэлээс сэргийлэх тэмдэг тэмдэглэгээг хийлгүүлж, ажилтнуудыг амь насны даатгалд хамруулах арга хэмжээг салбарын хяналтын газраас хэрэгжүүлж ажиллав.
 
Шуурхай хуралдаанаар мөн харьяа байгууллагууд, төслийн нэгжийн удирдлагууд ажлаа танилцуулж, тулгамдаж буй асуудлуудынхаа хүрээнд мэдээлэл тавилаа.
 
Цаг үеийн ажлууд, төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааны чиглэлээр дэд сайд Э.Золбоо дараах үүрэг чиглэлүүдийг өглөө.
 
- Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай сайдад танилцуулах,
- Барилгын салбарын эрсдлийг дааж ажиллах асуудлаар даатгалын байгууллагуудтай уулзалт зохион байгуулах,
- Мянганы сорилтын сантай хамтран хэрэгжүүлэх дулааны шугамын ажлуудын төсөв, угсармал барилгуудыг дулаалах санхүүжилтийн хүрээнд Сангийн дэд сайдтай уулзалт хийх,
- Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргах,
- БНПУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Аймгуудын бохир усны цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл”-ийн гүйцэтгэгч Польшийн “SWT” компанитай байгуулсан гэрээг эцэслэх,
- Солонго-1, 2 орон сууцны хороолол барих ажлыг ирэх хавар эхлүүлэхтэй холбоотойгоор төслийн нэгжийг яаралтай байгуулж, бэлтгэл ажлуудыг эрчимжүүлэх,
- “Президент спорт цогцолбор”-ын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг яаралтай хийх,
- Дотоодын цементийн үнийг тогтвортой байлгах, үнийг буулгах чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг даалгав.
 
Эх сурвалж: БХБЯ