Хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх цанг цохилоо

Хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх цанг цохилоо

“Инвескор ассет менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Инвескор глобал кью хамтын биржээр арилжаалагддаг ХОС” ХХК-ийн сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх эхлүүлэх цан цохих ёслол 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр боллоо.

Арга хэмжээнд  Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, “Улаанбаатар үнэт цаасны бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Даваажаргал, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Ц.Наран-Учрал, Ард санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг, Инвескор Ассет Менежмент ҮЦК-ийн гүйцэтгэх захирал О.Оч болон бусад хүмүүс оролцов.

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын сангийн багц журмыг шинэчлэн “Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих журам”-ыг баталсан. Энэ журамд “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 38.5.3-т заасан Хорооноос зөвшөөрсөн бусад төрлийн ХОС гэдэгт биржээр арилжаалагддаг сангийн төрөлтэй хамтын санг тооцно” гэж заасан бөгөөд биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сан буюу олон улсын хөрөнгийн зах зээлд түгээмэл хэрэглэгддэг санхүүгийн хэрэгсэл болох Exchange Traded Fund-ийн зохицуулалтыг тусгасан нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлд бас нэгэн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломжийг бий болгосон.

Энэ төрлийн хөрөнгө оруулалтын сан нь үнэт цаасны индексийн сан буюу арилжаа эрхлэх байгууллагаас тооцон гаргадаг индексийн багцад багтдаг үнэт цаасанд хөрөнгө оруулах сан буюу индексийн багцад багтдаг үнэт цаасны өгөөжийг хөрөнгө оруулагчдад өгөх буюу дотоодын хөрөнгө оруулагчид олон улсын томоохон компаниудын хувьцааны өгөөжийг сангаараа дамжуулан хүртэх боломжтой болж байгаагаараа онцлогтой. Хамтын биржээр арилжаалагддаг ХОС нь Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд заасан санхүүгийн хэрэгслээр нэгж эрхээ анхдагч зах зээлд солилцох замаар сангийн актив буюу багц хөрөнгөө бүрдүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх бөгөөд сангийн активын доод хэмжээнд шаардлага тавихгүй бөгөөд сангийн нэгж эрхээ анхдагч зах зээлд санал болгож, санхүүгийн хэрэгслээр солилцох ажиллагааг нэг болон түүнээс дээш үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий үнэт цаасны компани буюу “мэргэжлийн оролцогч”-оор дамжуулан хамтран хэрэгжүүлж болохоор зохицуулагдсан” гэдгийг онцолсон юм.

Тус компанийн нэгж эрхийн танилцуулгад тусгасны дагуу “Инвескор глобал кью хамтын биржээр арилжаалагддаг ХОС” нь АНУ-ын “НАСДАК”-ийн хөрөнгийн биржийн “НАСДАК-100” индекст багтдаг нээлттэй хувьцаат компанийн хувьцааны багцад хөрөнгө оруулах юм.

АНУ-ын НАСДАК хөрөнгийн биржийн бүрэлдэхүүнд буй одоогийн байдлаар хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй 10 компани нь Мicrosoft corporation, Аpple Inc, Amazon.com Inc, Alphabet Inc, NVIDIA Corporation, Meta platforms Inc, Tesla Inc, Pepsi co Inc, Broadcom Inc, Costco Wholesale corporation зэрэг багтдаг гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.