Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо. “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй ААН-ийн байгал орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн. НБОГ, ТГСГЗ, НГА-тай хамтарсан хяналт шалгалтад түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 145 ААН хамрагдахаас 142 ААН хамрагдсан. Шалгалтаар байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, олборлолт, үйл ажиллагаанаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийгээгүй, газар эзэмших гэрээ байгуулаагүй, худаг ус ашиглах зөвшөөрөл, дүгнэлт гаргуулаагүй, ус авах шугам хоолойг тоолууржуулаагүй зэрэг зөрчил илэрсэн. Шалгалтын хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газарт 34 ААН-ийн тусгай зөвшөөрөл түтгэлзүүлэх санал хүргүүлсэн. Мөн 74 ААН-д Улсын ахлах байцаагчийн албан шаардлага, үйл ажиллагаа түр зогсоох 21 актыг 2 сарын хугацаатай хүргүүлсэн” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцуулсан юм. 145 аж ахуйн нэгжээс 108 аж ахуйн нэгж нь ямар нэгэн зөрчилтэй гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг олгохдоо холбогдох газруудын саналыг тусгахгүй бол эргээд эрсдэлд орж байгаа талаар албаныхан мэдээллэх болов. Ялангуяа хайрга, дайрга олборлож байгаа аж ахуйн нэгжүүд байгаль орчны нөхөн сэргээлтийг огт хийхгүйн улмаас иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах болсон юм. Тухайлбал Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, туул гол дагуу элс, хайрга олборлож байсан аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн энэ сард 2 хүүхэд нас барсан хэрэг гарсан билээ. Тодруулах юм бол нэг айлын 4-8 насны хоёр хүүхэд хайрганы ухсан нүхэнд тогтсон тогтоол усанд живж нас барсан хэрэг гарсан тухай нутгийн иргэд халаглан өгүүлж байна. Иймээс энэ асуудалд анхаарал хандуулж, зохих хууль, журмыг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа аж ахуйн нэгжийг мөрдүүлэх чиглэлд ажиллах үүргийг Нийслэлийн засаг дарга С.Батболд өгчээ. Үүний зэрэгцээ хайрга, элс олборлож байгаа 34 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг Ашигт малтмал газрын тосны газрыг яаралтай авахыг хүссэн байна. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн албан шаардлагыг 74 аж ахуйн нэгжийг биелүүлэхийг зохих хууль, журмын дагуу шаардахаар болжээ.