Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов
Өчигдөр үдээс хойш Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилсэн.
Тус хуулийн төслүүдийг талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Оюунчимэг танилцууллаа.
Тэрбээр, Улсын Их Хурлын даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 174 дүгээр захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшинээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Д.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр төслийг чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажилласан гээд хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын “d.parliament.mn” цахим системээр дамжуулан олон нийтээс тухайн төсөлтэй холбогдуулан санал авахад нэр бүхий иргэдээс 77 санал ирүүлснийг ажлын хэсэгт танилцуулсан гэв.
Тэрбээр цааш нь нийт 68 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Ажлын хэсгийн дэмжсэн нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар албадан чөлөөлөх шийдвэрийг гаргахад тухайн төсөл, арга хэмжээний нөлөөлөлд өртөж байгаа газар өмчлөгч, газар эзэмших эрхтэй этгээд, улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, хуулийн этгээдийн 65-аас доошгүй гэснийг 70-аас доошгүй хувийн дэмжлэгийг авсан байх гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг хасах, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн “14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн “түүний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар” гэснийг “тухайн шатны Засаг даргаар” гэж, мөн зүйлийн 14.3 дахь хэсгийн “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” гэснийг “Засаг дарга” гэж,” гэснийг хасах, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөлд цахилгаан тэжээлт автомашиныг нэмж, татварын хувь хэмжээг тогтоох зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Хэлэлцүүлгийн үед Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гарах талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд хаалттай болон төлбөртэй авто зогсоолуудыг нээлттэй болгох талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан авто зогсоолтой холбоотой зохицуулалтууд нь Автотээврийн тухай хуульд тусгагдсан ба нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах тул хуульчлах шаардлагатай эсэх мөн дэд төвтэй холбоотой хуулийн заалтууд хязгаарлагдмал байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг газар чөлөөлөхтэй холбоотой харилцааг Засгийн газраас баталсан журмаар бус хуулиар нарийвчлан зохицуулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн төслийн дөрөвдүгээр бүлгийг дэмжихгүй байгаагаа илэрхийлээд, газар албадан чөлөөлөхтэй холбоотой асуудлыг зайлшгүй хуульчлах шаардлагатай талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулах эрх, үүргийг хуулийн төслөөс хасахгүй байх нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, С.Амарсайхан нар гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зөвлөлтэй холбогдох асуудлыг Засаг даргад шилжүүлэх шаардлагагүй талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн болно гэв.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нарын гишүүд асуулт асуув.
Тухайлбал, нийслэлийг хөгжүүлэх сонгуулийн амлалтын хэрэгжилт ямар байгаа тухай, нийслэлийн авто тээвэр, орон сууцжуулах бодлого зэрэг сэдвээр асуулт асуув. Тухайлбал, Улаанбаатар хотын такси үйлчилгээний хүрэлцээг анхаарахгүйгээр, такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй бол 3 сая хүртэл төгрөгийн торгууль ногдуулахаар хуульчлах нь зөв эсэх, яагаад автомашины татварыг хоёр дахин нэмэгдүүлж байна вэ гэх зэрэг асуултыг асуусан. Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийслэл хотын өнгө зүсийг илэрхийлсэн олон улсын стандартыг хангасан таксины үйлчилгээг нэвтрүүлнэ. Харин “UBСab” зэрэг үйлчилгээ бол иргэд сайн дурын үндсэн дээр, ажлынхаа зав чөлөөгөөр зохион байгуулалтад орж таксины үйлчилгээ эрхэлж байгаа хэлбэр юм.
Цаашид таксины үйлчилгээ эрхлэхийг хүсэгчид тодорхой сургалтад сууж, стандарт хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгоно. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж дуусч байгаа. Нэн удахгүй УИХ-д өргөн барина. 2024 онд нийслэлийн автозамын нэвтрүүлэх чадварыг 20 гаруй хувиар нэмэгдүүлж, ирэх жилийн 6 сараас өмнө гурван нүхэн гарц байгуулна. Автомашины татварыг хоёр дахин нэмэгдүүлэх тухай НИТХ-д яригдаагүй гэж хариуллаа.
Түүний дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 72 саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Санал хураалт явуулж дууссаны дараа дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.