Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7451 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 186 нэгж буюу 2.4 хувиар буурсан байна. Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан Туул голын орчимд бага насны хүүхдүүд хараа хяналтгүйгээр тоглож зугаалах, иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд живж амь насаа алдах, бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Завьт эргүүл” арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна” гэж танилцуулав.
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3150 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 128, зөрчлийн шинжтэй 1350 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1437 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж талбайд хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 690 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.6 хувиар буурсан байна. Шалган бүртгэх товчоодод нэмэгдлээр хэв журмын 12 алба хаагчийг 3 ээлжээр замын цагдаагийн алба хаагчтай хамтран ажиллуулахаас гадна ЗХД-ийг сахиулах, малын хулгай, зөвшөөрөлгүй мах тээвэрлэх нөхцлийг таслан зогсоох зорилгоор орон нутгаас Улаанбаатар хот руу орох чиглэлүүдэд байрлах замын цагдаагийн 24 цагийн байнгын постуудад ОБЕГ, МХЕГ-тай хамтран хяналт шалгалтыг эрчимжүүлэн зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах, түүхий эд тээвэрлэж явсан 65 зөрчил илрүүлж НМХГ-т шилжүүлсэн байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэллээ.