“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалттай холбоотой 8 асуудлыг хэлэлцэнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалттай холбоотой 8 асуудлыг хэлэлцэнэ

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.06) гурав дахь өдрөө үргэлжилнэ.

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаарх ерөнхий танилцуулгаар эхлэж, найман асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ хүрээнд 87 гэрчийг дуудсан байна.

  1. “Ти ти жи ви си өү” ХХК;
  2. Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөгийн 13000 тууш метр ажлыг хийж гүйцэтгэх /Эрдэнэдрийлэнг ХХК/;
  3. Оффисын байр түрээслүүлэгчийг шалгаруулах;
  4. Автогрейдер (CAT14M) дүйцэхүйц худалдан авах /Барловорлд монголиа ХХК/;
  5. Micromine эсхүл түүнтэй дүйцэх программ нийлүүлэх, 2018 оны update хийх;
  6. Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайд уулын ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх Багц 1 Уулсын ажил, өрөмдлөг тэсэлгээ /Хишигарвин индустрал ХХК, Олборлолт ХХК/;
  7. Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх /Чин хутаг өндөр ХХК шалгарсан/ 2019;
  8. Цанхын баруун уурхайн нүүрс ачилт хийх гүйцэтгэгчийг шалгаруулах /“Мултипак” ХХК/

 

Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр буюу 2023 оны арван хоёрдугаар сарын 04-ний өдөр “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой 4 сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судалсан юм. Хоёр дахь өдөр буюу 2023 оны арван хоёрдугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймаг дахь газар олголтын асуудал, “Тавантолгой” ХК-ийн нүүрсний борлуулалтын үйл ажиллагаа болон “Тавантолгой” ХК-д хийсэн эрх бүхий байгууллагуудын хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээтэй холбоотой 3 багц асуудлаар сонсголыг зохион байгуулсан. Сонсголд Хянан шалгах түр хорооны гишүүд, хянан шалгагч, шинжээч, уригдсан албан тушаалтан болон гэрчүүд оролцжээ. Түүнчлэн 159 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлсэнээс 91 гэрч хүрэлцэн ирсэн байна. 

“Нүүрсний” гэх тодотголтой энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа юм. Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд, хоёр дахь үе шат энэ сарын 18-22-ны өдрүүдэд болно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.