НҮБ-ын Хүний Эрхийн Дээд комиссарын газрын Ази, Номхон далайн бүс хариуцсан газрын захиралтай уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар НҮБ-ын Хүний Эрхийн Дээд комиссарын газрын Ази, Номхон далайн бүс хариуцсан газрын захирал Роури Мунговентэй уулзлаа.
Уулзалтаар Монгол Улс гишүүн орны хувиар нэгдэн орсон НҮБ-ын конвенцуудын хэрэгжилт, тайлан болон, тайлан хэлэлцүүлсний мөрөөр өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч буй талаар Дэд сайд танилцуулсан.
ХНХЯ нь Засгийн газрын 2017 оны тогтоолоор нийт 10 конвенцын хэрэгжилтийн тайланг хариуцан хүргүүлдэг бөгөөд үүнээс 6 нь хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээрх, 4 нь хүний эрхийн чиглэлийн конвенц байдаг. Энэ оны байдлаар холбогдох конвенцуудын тайланг бүгдийг хүргүүлсэн юм.
Тайланг хэлэлцүүлсний мөрөөр өгсөн зөвлөмжийг төр, төрийн бус, олон улсын байгууллагуудад танилцуулах, хэрэгжүүлэхэд олон талын оролцоог хангах ажлыг зохион байгуулж байна.
НҮБ-ын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хөдөө орон нутагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чанартай туслах хэрэгсэл хүргэх, Ажил олгогчдод Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох заалтууд, түүн дотроо ажлын байрны тохируулгын талаарх ойлголт түгээх бүсчилсэн сургалт зохион байгуулах, Зарим алслагдмал аймаг, хүн ам ихтэй дүүргүүдэд хувийн туслахын үйлчилгээг нэвтрүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Дэд сайд уламжиллаа.
Уулзалтад НҮБ-ын талаас Хүний эрхийн дээд комиссарын газрын Монгол Улсыг хариуцсан ажилтан Себастиан Гиёо, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газрын Хүний эрхийн шинжээч Ч.Алтангэрэл, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар, Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга З.Хүслэн болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Эх сурвалж: ХНХЯ