ЦЕГ: 111 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ

ЦЕГ: 111 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2023.12.04-нөөс 08-ны өдрүүдэд) 28.432 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 111 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 2 Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 47, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 1, Өмчлөх эрхийн эсрэг 44, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 2, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 9, бусад 2 хэрэг байна.

Эрэн сурвалжлах ажиллагаа, зарим гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтийн талаар:

Цагдаагийн байгууллагад өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 11, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 62, сураггүй алга болсон хүн 46, шүүхээс даалгасан хүн 54, зөрчил үйлдсэн 22 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна. 

Хүүхдийн эрхийг зөрчсөн 50 иргэнд 15.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 12 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэргийг танилцуулбал:

Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий этгээдүүд нь бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдэж интернэт орчинд “Pokerrr 2” нэртэй аппликейшнд нэвтрэн “L” нэртэй клуб үүсгэн 2023 оны 05 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарын хооронд ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг мэдээллийн технологи ашиглан зохион байгуулж 259.340.000 төгрөгийн ашиг олсон гэх хэрэгт иргэн “А” гэгчийг холбогдуулан Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Сүхбаатар дүүргийн прокурорын газарт; 

Мөн Монгол Улсад бүртгэлтэй нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь бусадтай бүлэглэн санхүүгийн анхан шатны баримт, материалыг хуурамчаар үйлдэж, улсын төсөвт их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт иргэн “С”, “Б”, “Э” нарт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын газарт хүргүүлсэн.

Шийдвэрлэсэн зарим зөрчлүүдээс танилцуулбал:

Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Дархан суманд Оросын холбооны улсын иргэн “М” гэгч 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газарт бусдын биед халдсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгосон;

Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас иргэн “А”, “Г” нар нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний газрын гадна бусадтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар мэс, хийн буу гаргаж танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулах саналтай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.