“Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

“Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Монпеллетс” ХХК, Ц.Ариунтөгс нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Монпеллетс” ХХК, Ц.Ариунтөгс нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,009,561,360 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд хариуцагч “Монпеллетс” ХХК-аас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 3,009,561,360 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д олгохоор, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд “Монпеллетс” ХХК, Ц.Ариунтөгс нарын барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж, хариуцагч “Монпеллетс” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,556,499,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, харин 453,062,310 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.          

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх