Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд оролцох худалдагч компаниудын тоо нэмэгдлээ
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл уул уурхайн бүтээгдэхүүний 308 удаагийн арилжаа зохион байгуулж, 12.4 сая тонн нүүрс, төмөр зэрэг бүтээгдэхүүнийг 5.8 их наяд төгрөгөөр арилжаад байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани бүтээгдэхүүнээ заавал биржээр худалдах зохицуулалттай бөгөөд одоогоор нийт 10 компани (төрийн өмчит 5, хувийн өмчит 5) МХБ-тэй гэрээ байгуулан бүтээгдэхүүн арилжиж байна.
2023 оны 12 дугаар сард “Андын илч” ХХК, “Өсөх зоос” ХХК-иуд худалдагчаар бүртгүүлж, бүтээгдэхүүн худалдах захиалга ирүүллээ.
“Андын илч” ХХК нь 2005 оны 12 дугаар сарын 15-нд гадаад худалдаа, гэрээгээр нүүрс олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших “Хөхтий нуруу-2” хүрэн нүүрсний ордыг эзэмшдэг. Жилд 100,000 тонн хүрэн нүүрсийг олборлож, Бичигтийн боомтоор экспортолдог.
“Өсөх зоос” ХХК нь 2008 онд Уул уурхайн олборлолт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших “Хүрэн шанд”-ын нүүрсний уурхайд олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Жилд 3 сая тонн сул коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсийг олборлож, Шивээхүрэн боомтоор экспортолдог.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ