Ёс зүйн алдаа гаргасан ЗУРГААН САЙТ уучлал гуйв

Ёс зүйн алдаа гаргасан ЗУРГААН САЙТ уучлал гуйв

Улаанбаатар хот                                                                                                       2017.06.19

Moнголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны гомдол хэлэлцэх ээлжит хуралдаан 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр болж, шинээр ирсэн хоёр гомдол, хэлэлцэхийг хойшлуулсан байсан нэг өргөдлийг тус тус хэлэлцэж шийдвэрлэлээ.

Нэг дэх гомдол:

Хербалайф монголиа ХХК-аас “Oдоо цаг” сонины 2017 оны 3 дугаар сарын № 03 дугаарт нийтлэгдсэн “G-time-аас ч хортой “Herbalife” гэх сүлжээний бохир бизнесийг Америкийн тусгай албад шалгаж эхэллээ” гэсэн нийтлэл нь Хербалайф компанийн нэр хүндэд ноцтойгоор халдсан, тус компани болон компанийн бүтээгдэхүүний талаар гүтгэлэг, явуулгын чанартай, үндэслэлгүй сөрөг мэдээлэл тараасан хэмээн үзэж гомдол гаргажээ.  Гомдолдоо мөн няцаалт өгөх, залруулга болгохоор өөрсдийн мэдээллээ нийтлүүлэх тухай Хербалайф компанийн төлөөллийн хүсэлтэнд “Одоо цаг” эрс татгалзсан хариу өгсөн гэжээ.

Энэ гомдлыг Ёс зүйн хороо авч хэлэлцээд “Одоо цаг” сонин дээрх нийтлэлээрээ олон нийтийн сонирхолд байгаа сэдвийг хөндөж бичсэн хэдий ч уг нийтлэлд дурьдагдсан “Хербалайф сүлжээний бүтээгдэхүүнд кокайн агуулагдсан” гэснийг эх сурвалжаар баталгаажуулаагүй, тус компанийн бүтээгдэхүүн, хэрэглэгчдийн талаарх мэдээлэл нь ам дамжсан таамаг ярианд үндэслэн бичигдсэн байна гэж дүгнэлээ.

Тиймээс тус сонины редакцийг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1 дэх заалтад “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг, 1.2 дох заалтад “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурьдахыг эрмэлзэнэ” гэснийг, 1.6 дахь заалтад “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурьдана” гэснийг, 1.8 дахь заалтад “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно.” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнээд “Одоо цаг” сонины нэрийг дурьдаж, зөрчлийг олон нийтэд мэдээлэх шийдвэрийг гаргав.

Хоёр дахь гомдол:

            Иргэн Ж.С нь вolod.mn, zaluu.com, shuurhai.mn, jirgee.mn, ugluu.mn, tsag.mn зэрэг мэдээллийн сайтуудад хаяглан гомдол ирүүлэхдээ эдгээд сайтууд “Үндэсний шуудан” сонины 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 092 дугаарт хэвлэгдсэн Ш.Сайхансамбуугийн охин Эрдэнэтуул дураараа дургиж эхлэв үү!!!” нийтлэлийг өөрсдийн сайтдаа нийтлэхдээ зургийг нь өөрчилж, миний охин С.Эрдэнэтуулын зургийг тавьсан нь алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг санаатайгаар гутаасан үйлдэл хэмээн үзжээ.

 

Энэ гомдлыг Ёс зүйн хороо авч хэлэлцээд дээрх нэр бүхий мэдээллийн сайтууд нь Хэвлэл мэдээлийн ёс зүйн зарчмын 1.3 дахь заалтад “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана.” гэснийг зөрчсөн гэж дүгнэлээ.

 

Вolod.mn, zaluu.com, shuurhai.mn, jirgee.mn, ugluu.mn, tsag.mn сайтуудаас Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирүүлсэн хариу тайлбартаа алдаагаа бүгд хүлээн зөвшөөрч, ёс зүйн хорооны хурлаас өмнө залруулга хийж, иргэн Сэрээтэрийн Эрдэнэтуулаас хүлцэл өчсөн байна.

 

Дээрх сайтуудын редакци нь алдаагаа хүлээн зөвшөөрч, уучлал гуйж байгаа нь уншигчдынхаа өмнө хариуцлагаа хүлээж чаддаг хэвлэл мэдээллийн байгууллага гэдгээ нотлон харуулах соёл юм гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэж, ёс зүйн хорооны шийдвэрийг өөрсдийн сайтуудад хэвлэн нийтэлж, иргэн С.Эрдэнэтуул, түүний гэр бүлээс албан ёсоор уучлал хүсэх нь зохистой гэсэн зөвлөмжийг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хүргүүлэв.

 

Гомдлыг дахин хэлэлцүүлэх тухай өргөдөл:

 

Иргэн Ц.Оюундариас МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны “Цагийн хүрд” нэвтрүүлэгт хаяглан Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирүүлсэн гомдлыг хэлэлцээд гаргасан Радио, телевизийн ёс зүйн хорооны 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03/02 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, дээрх гомдлыг дахин хэлэлцэж өгөхийг хүссэн өргөдлийг иргэн Ч.Батцэнгэлээс гаргасан.

 

Хариуцагч хэвлэл мэдээллийн байгууллагаас гомдлыг дахин хэлэлцэж өгөх албан ёсны хүсэлт ирүүлээгүй бөгөөд иргэн Ч.Батцэнгэлийг МҮОНРТ-ийг төлөөлөх эрх бүхий этгээд биш гэж үзэж уг хүсэлтийг Ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

 Эх сурвалж: Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ажлын алба