Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махыг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн худалдан борлуулна. Нөөцийн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Үхрийн ястай мах 8900 төг/кг, хониных 8300 төг/кг, ямааных 7100 төг/кг үнээр есөн дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалахаас гадна аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлын зөрүүг нөөцийн махны борлуулалтын татварын цахим төлбөрийн баримтын системд үндэслэн олгох юм байна.
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх арга хэмжээг арилжааны банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, 23 аж ахуйн нэгж нийт 12,6 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ.
Товч мэдээ
· Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын II хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр цахим хэлбэрээр болно. Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Барилга, хот байгуулалтын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Б.Мөнхбаатарт даалгалаа.
· Улаанбаатар хотноо 2022 гуравдугаар сарын 28-29-нд зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.
· “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний төслийн талаар Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан танилцууллаа. Төлөвлөгөөний төсөлд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
· Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нарыг ажлаас нь чөлөөллөө.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар