ЗГ:Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Нийт автомашины 20 хувь нь цахилгаан байхад цэнэглэх боломж бий
Цахилгаан авто машиныг цэнэглэх техникийн боломжийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.
Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 1,2 сая машин байгаагаас Улаанбаатар хотод 662 мянга, орон нутагт 572 мянган автомашин байна. Үүнээс цахилгаан хөдөлгүүртэй 498 автомашин байгаагийн 434 нь Улаанбаатар хотод байна. 2018 оноос хойш 7-60 кВт цагийн хүчин чадалтай нийт цахилгаан автомашин цэнэглэх найман станц ажиллаж байна.
Манай улсад нэг кВт цаг эрчим хүчийг моторын багтаамжаас шалтаалж 350-1000 төгрөгөөр борлуулж байна. Ингэж цэнэглэсэн тохиолдолд 100 км-т 5850-16000 төгрөг зарцуулдаг тооцооллыг хийжээ.
“Нийт автомашины 20 хувь цахилгаан автомашин байхад манай улсад цэнэглэх боломж байна. Цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэх нь агаарын бохирдлыг бууруулахаас гадна эдийн засгийн хэмнэлттэй гэж Эрчим хүчний сайд ярилаа.
Нэгдсэн Үндэстний байгууллагаас дэлхийн эрчим хүчний хомсдол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд онцгой анхаарч буй. Америк болон Европын холбооны орнууд уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хий болон агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхээр татварын хөнгөлөлт, татаас болон бусад мөнгөн урамшууллыг олгож байна.
Норвеги улсад 2025 онд, Англи, Дани, Нидерланд, Швед, Ирланд зэрэг улсад 2030 онд, Хятад, Японд улсад 2035 онд, Франц, Испани улсад 2040 онд авто тээврийн хэрэгслийг бүрэн цахилгаан машинд шилжүүлэхээр төлөвлөжээ.
2021 онд 6,7 сая цахилгаан автомашин борлуулагдсан нь 2020 оны борлуулалтаас хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт ажээ.
Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барина
“Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд өнгөрсөн долоо хоногт хийсэн онцлох ажлуудын талаар салбарын сайд нар мэдээлэл хийсэн байна.
Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөлийн 2022 оны барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх “Эрчим хүчний барилга байгууламж барих ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ“-г гүйцэтгэгчид олгожээ.
Эрчим хүчний сайдын 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн тушаалаар “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” байгуулах эрхийг “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, Тавантолгой дулааны станц ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлуудад олгов.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд талуудын уулзалт зохион байгуулж, Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна.
Товч мэдээ
· Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· Кино бүтээх зардлын буцаан олголтын хүсэлт гаргах, төслийг хянах, бүртгэх, гэрээ байгуулах, үнэлэх, тайлагнах, зардлын тодорхой хувийг буцаан олгох журмыг баталлаа.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар