ЗГ: Авлигатай тэмцэх “Таван Ш ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов
Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “Таван Ш” ажиллагаа хэрэгжүүлж буй.
“Шувуу ажиллагаа”-ны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчирч, хариуцлага хүлээлгэнэ. Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 92 хүний нэрийг зарласан. Эдгээр хүнийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ гэдгийг ХЗДХ-ийн сайд, “Шувуу ажиллагаа”-ны Ажлын хэсгийн дарга Х.Нямбаатар мэдэгдээд байна.
“Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг батлуулах, төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах юм. “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсэг Ерөнхий сайдын 2023 оны 20 тоот захирамжаар байгуулагдаж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахлан ажиллаж буй. Ажлын хэсгийнхэн баасан гариг бүр Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах "11-11" төвд ажиллаж, иргэдтэй уулзаж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Шүүр ажиллагаа”, “Шилжүүлэн авах ажиллагаа”-ны хэрэгжилтийг хариуцан зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд, "Шил ажиллагаа"-г Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгалаа.
Авлигатай тэмцэх “Таван Ш ажиллагаа”-ны хэрэгжилтийг хариуцан зохион байгуулж ажиллах Ажлын хэсгүүд ажлаа эрчимжүүлж, Засгийн газрын хуралдаанд сар бүр танилцуулж байхыг Ерөнхий сайд үүрэг болголоо.