Арьс, шир үйлдвэрлэлийн салбар Олон улсын LWG-ийн байгаль орчны стандарт нэвтрүүллээ

Арьс, шир үйлдвэрлэлийн салбар Олон улсын LWG-ийн байгаль орчны стандарт нэвтрүүллээ

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай Стратегийн хамтын ажиллагааны хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгжүүд, ялангуяа арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг 2018 оноос хойш чадавхжуулж байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Дэлхийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-аас хэрэгжүүлсэн Экспортыг дэмжих төслийн хүрээнд ЮНИДО нь Монголын Арьс шир үйлдвэрлэлийн холбоотой хамтран "Булигаар" ХК, "Арилдий" ХХК-иудад эрчимтэй дэмжлэг үзүүлж, Дэлхийн арьс ширний зөвлөл буюу Leather Working Group (LWG)-ийн байгаль орчны олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлснээр тухайн аж ахуйн нэгжүүд гэрчилгээгээ хүлээн авлаа.

Мөн тус хоёр байгууллага нь Leather Working Group (LWG)-ийн албан ёсны гишүүнээр бүртгэгдлээ.

Энэ нь Монгол Улсын арьс шир үйлдвэрлэлийн салбарын нэр хүнд олон улсад өсөж, дэлхийн зах зээлд Монголын арьс шир үйлдвэрлэгчид өрсөлдөх чадавхаа нэмэгдүүлж буй үлгэр жишээ амжилт юм. LWG стандартыг нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлээ өргөжүүлэн бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх бодит боломж бүрдлээ.

Дэлхийн арьс ширний зөвлөл (LWG) нь Adidas, Clarks, Ikea, Nike, Marks & Spencer, New Balance, Timberland зэрэг гутал, хувцас, бүрээсний брэндүүд болон арьс шир үйлдвэрлэгчдийн хамтын санаачилгаар анх 2005 онд байгуулагдсан.

Тэр цагаас хойш дэлхийн 60 гаруй орны 2000 гаруй оролцогч талуудыг төлөөлөн, арьс ширний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том байгууллага болон хөгжиж буй дэлхий нийтийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, арьс ширний үйлдвэрлэлийн салбарт байгаль орчны гэрчилгээ олгодог ашгийн бус байгууллага юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.