Монгол Улсын Засгийн газраас Авлигатай тэмцэх ажлыг өмнөх засгийн газруудтай харьцуулахад дориун хийж буй. Үүний илэрхийлэл нь Хөгжлийн банкны хэрэг, Эрдэнэтийн 49%, Нүүрсний хулгайн хэрэг гэдгийг нэрлэж болох юм. Эдгээр хэргийг шийдвэрлүүлэх, шүгэл үлээх чиглэлд Засгийн газрын тэргүүнээс эхлээд сайд нар нь хүртэл гар бие оролцсон.
Л.Оюун-Эрдэнэ дараагийн дэлбэрэлтээ Нийслэлийн газрын асуудлаар шуугиулахаар болжээ. Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн газрын авлигын сүлжээг илчилж, холбогдох хүмүүсийг сонсох, энэ хүрээнд нээлттэй сонсгол явуулах чиглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өгсөн байна.
Нийслэлийн газрын наймаагаар хөлжиж, иргэдийн амьдрах эрхийг эрсдэлд оруулсан эрхмүүдийн нүүр царай энэ сонсголоор ил болно гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсэж. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хэлж байгаачлан Нийслэлийн газрын наймаанд Ерөнхий прокуророос эхлээд элдэв дарга нар үеийн үед өртөж иржээ. Ийм том сүлжээг илчлэх нь эргээд авлигын том хаалгыг хага хөшиглөх алхам болж мэдэх юм.
Улаанбаатар хотын өнөөдрийн олон асуудал нь цаанаа авлига, хээл хахуульта шууд холбоотой. Үүнийг илэрхийлэх мэт асуудал ар араасаа ундарч буй. Тухайлбал хэдхэн сарын өмнөх ногоон автобусны хэрэг байна. Дээрээсээ биш доороосоо энэхүү хэргийг будилуулсан гэдгийг үйл явдал хэлээд буй. Яг үүнтэй ижил нийслэлийн газрыг будилуулж, иргэдийн амьдрах эрхэнд ноцтой аюул учруулсан албан тушаалтан, мөнгө хараад бүхнийг мартдаг бусармаг этгээдүүтэй хариуцлага тооцох ёстой.
Энэ ч утгаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарт дараах үүрэг чиглэлийг өгөөд байна.
Нэгдүгээрт. Нийслэлд бодлого, тогтолцоо, бүтэц, эрх зүйн цогц реформ хийх.
•“Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нийслэлийн урт, дунд, богино хугацааны реформын цогц төлөвлөлтийг олон улсын байгууллагуудын зөвлөмж, нийслэлийн иргэдийн оролцоотойгоор боловсруулан Улсын Их Хурал, Засгийн газраар яаралтай батлуулах, (энэ асуудлууд бүгд хоорондоо цогц байхыг анхаарах)
•Нийслэлийн эрх зүйн орчин, газрын харилцаа, нийтийн тээврийн харилцаа, иргэдийн эрх ба үүрэг хариуцлагыг тодорхой болгох, хотын соёлын стандарт, авто тээврийн хөдөлгөөн болон жолооч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх асуудлыг УИХ-ын намрын чуулган өндөрлөхөөс өмнө бүрэн шийдвэрлэх,
•Нийслэлийн иргэдийн оролцоо, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон дүүргүүдийн удирдлага, Улаанбаатар хотын анхан шатны бүтцийн байгууллагуудтай хамтарч, нийслэлийн бүтэц, зохион байгуулалтыг эргэн харж, энэ ондоо багтаан Засгийн газарт танилцуулах, (энэ дундаа алслагдсан гурван дүүрэг, дагуул хот, гэр хорооллын хороодод онцгойлон анхаарах)
•Агаар, орчны бохирдол, хог хаягдал, авто замын түгжрэл, ногоон байгууламж, явган болон дугуйн зам зэрэг амьдралын чанарын стандартуудыг шинэчлэн хуульчлах.
Хоёрдугаарт. Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааг нийслэлд хэрэгжүүлэх.
Нийслэл Улаанбаатар хотын албан тушаалтан бүрийг шалгах, Авлигын эсрэг арга хэмжээг нийслэлийн шат шатны байгууллагад авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх нь. Ингэж чадвал нийслэлийн зарим бугшсан асуудал бага ч болов эрүүлжих байх гэсэн хүлээлт байна.