Түүх түүхээрээ л үлдэг. Түүнийг өнөө цагт хувиргах гээд хэрэггүй. Тэр дундаа увиагүй улс төрд уужуу сэтгэлд ухаант түүхийг хутгах нь зүйд үл нийцэнэ. Өнөөдөр Ардчилсан намынхан даргынхаа сунгаанд оролцох 5 эрхэмд үнэмлэхийг нь гардуулав. Энэ үед тус намын дарга З.Энхболд Алунгаа хатны дүрд тоглож нэр дэвшигч 5 хөвгүүндээ багцалсан сум өгч байх юм. Яасан ч уран сайхны тавилтанд дуртай юм. Эв нэгдлийг эрхэмлэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ тэдэнд үүнээс өөрөөр сэтгэх үлэмж ухаан алга гэж үү?
Ардчилсан намын 5 нэр дэвшигч нэг нэгээрээ сумаа хугалчихана. Угаасаа тэдний ганц хийж чаддаг ур чадвар, ухаан нь. Харин 5 сумыг нийлүүлээд хугалж дөнгөх үү. Бас л чадна. Тэд хэн нэгнийгээ хагаргалан бутаргаж, эв нэгдлээ задалж энэ тэндээ наалдахдаа маш сайн. Үүний тод жишээ нь Ардчилсан нам засаглаж байхад засгийн газраа өөрсдөө унагааж дөнгөдөг жишээ. 2014 онд Н.Алтанхуягийн засгийн газрыг МАН хүчтэйдээ унагаачихсан хэрэг биш. Харин АН л арчаагүй, эв нэгдэлгүй учраас л унагааж, өчүүхэн эрх мэдлийнхээ төлөө л хутган үймүүлсэн. Тэд өнөөдөр ч энэ тухай шонхордох гээд ярьж явна.
Ардчилсан намын 5 нэр дэвшигч Алунгоо хатны хөвгүүний дүрээр танайд зочлох нь зүйд нийцэх юм гэж үү. Ардчилсан намын гишүүд тэднээс эв нэгдлийг хүсч байгаа нь гарцаагүй. Гэхдээ түүхэнд нийцүүлэх гэсэн түр зуурын эв нэгдэл энэ намд огт хэрэггүй. Өрсөлдөөн нь шударга, үзэл бодол нь үнэнч, алсын хараатай, ардчилсан намын нэр хүндийг өндөрт өргөх тийм л чадамжыг намынх нь эгэл жирийн гишүүд, дэмжигчид нь хүсч байгаа биз. Тэрнээс тэдэнд тавилттай, найруулгатай жүжиг огт хэрэггүй ээ.