Сар шинийн баяраар бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөлөө

Сар шинийн баяраар бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөлөө

ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний нөхцөл байдал болон сар шинийн өдрүүдэд эмнэлгийн байгууллагуудын ажиллах хуваарь, хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэх, уламжлалт хоол хүнс, архины зохистой хэрэглээний талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх ээлжит хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо.

Хуралд ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа, УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч Б.Болормаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган, НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан нар оролцож, эрүүл мэндийн салбарын цаг үеийн мэдээлэл өгсөн.

Эхний мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа хийсэн бөгөөд улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин идэвхжлийн буюу шар түвшинд байгааг онцолсон. Тэрбээр, улсын түвшинд идэвхжлийн үедээ байгаа ч улирал хоорондын буюу ногоон түвшинд Дархан-Уул аймаг, идэвхжлийн түвшинд 12 аймаг, алаг цоог дэгдэлтийн түвшинд найман аймаг байна.

Мөн эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдэд нийт 8,788 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.6 хувь буюу 1,636 хүн амьсгалын замыг цочмог хүнд халдвар болох  уушгины хатгаагаар хэвтэн эмчлүүлж байгаа. 
 
Томуу, томуу төст өвчнөөр аль ч насны хүн өвдөж болох боловч зарим бүлгийн хүмүүс илүү эрсдэлтэй байдаг. Үүнд

  • Нярай болон бага насны хүүхэд
  • Жирэмсэн эмэгтэйчүүд
  • Архаг хууч өвчтэй хүмүүс
  • Хүний дархлал хомсдолын вирусийн халдвартай
  • Сүрьеэтэй
  • Зүрх судасны өвчин болон чихрийн шижинтэй
  • 65 болон түүнээс дээш насны хүмүүс багтдаг.

Амьсгалын замаар дамжих халдвар агаар дуслын замаар дамждаг, өөрөөр хэлбэл, хүрэлцэх, үнсэх, нүүр амандаа гараараа хүрэх зэрэгт халдвар дамждаг тул сар шинийн баярын өдрүүдэд амьсгалын замаар дамжих халдварт өвчин, томуу томуу төст өвчнөөс сэргийлэх энгийн арга болох гараа угаах, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, бага насны хүүхдийг үнсэхгүй байх зэрэг зөвлөмжийг өглөө.
 
Түүнчлэн цагаан сарын баярын өдрүүдэд айл бүр гэртээ зочид хүлээн авч хоол хүнсийг их хэмжээгээр бэлтгэн дайлж, цайлдгаас хүнсний бүтээгдэхүүнийг буруу хадгалах,  боловсруулах, хэрэглэхээс шалтгаалан хоол хүнсээр дамжих халдварт өвчин тархах эрсдэл бий болдог байна. Иймд иргэдэд зориулж хоол хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэхэд дараах зөвлөмжийг хүргэсэн.       
Цагаан сарын баяраар хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэж , хэрэглэж,хадгалахдаа:

  • Хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг сайтар харах
  • Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний сав ан цав үүссэн, чанар байдал нь алдагдсан эсэхийг шалгаж авах
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах
  • Баярын ширээний ууц болон чанасан махаа удаан хугацаагаар ил задгай хадгалж хэрэглэхээс татгалзах
  • Цагаан сарын баярын салад, буузыг хонуулж хэрэглэхээс татгалзах
  • Мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөгчид хадгалах
  • Болсон, түүхий эд бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах
  • Ахуйн цэвэрлэгээний эд зүйлс, угаалгын химийн бодистой хамт хоол хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахгүй байх
  • Түүхийгээр хэрэглэдэг жимс, ногоог сайтар угааж хэрэглэх
  • Болсон түүхий хүнсний бүтээгдэхүүний сав, хэрэгслэл тусад нь байх
  • Хоол  хүнсийг сайтар болгож хэрэглэх
  • Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх
  • Хоол, хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах шаардлагатай.

Харин баярын өдрүүдэд гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн бол хоногт гурав буюу түүнээс дээш суулгаж, халуурсан тохиолдолд гэртээ тусгаарлаж, харъяа өрх дүүргийн эмнэлэгт болон ХӨСҮТ-д яаралтай хандах хэрэгтэй. Мөн гэрээр эмчлүүлсэн үед эмчилгээг бүрэн гүйцэд хийх ёстой гэдгийг анхаарууллаа.