Бүгд Найрамдах Беларусь Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Шагойко Вадим Викторович, Аж үйлдвэрийн дэд сайд Ефимов Александр Владимирович болон албаны төлөөлөгчид Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, дэд сайд М.Ганхүлэг нартай уулзалт хийлээ.
Уулзалтаар сүүний чиглэлийн үхэр үржүүлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үхрийн чанар, нэгжээс авах ашиг шим, үхрийн үүлдэрлэг байдлыг сайжруулах, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, сүү импортыг бууруулах цаашид экспортыг дэмжих зорилгоор 600 үнээ бүхий ‘’Сүүний чиглэлийн эрчимжсэн цогцолбор’’ 2 аж ахуй байгуулах, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын хамтарсан трактор угсрах “Минскийн тракторын үйлдвэр” нээлттэй хувьцаат компанийг Монгол Улсад байгуулах, Малын тэжээл бэлтгэхэд шаардлагатай трактор, хадуур, тармуур, өвс хаман боогч болон бусад техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, Мал, амьтны эрүүл мэндийн хамгаалах, хөдөө аж ахуй болон бусад чухал салбарын боловсролын хөтөлбөр, шинэ үр тариа, сорт ханган нийлүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.
Дээрх ажлуудыг Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын комиссын долоодугаар хуралдааны үеэр хэлэлцсэний дагуу хэрэгжилтийн хүрээнд санал солилцсон юм. Хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотноо амжилттай зохион байгуулагдсан бөгөөд гадаадын төлөөлөгчдийн ажлын айлчлал энэ сарын 17-ныг дуустал үргэлжилнэ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.