Барилгын салбарт мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай гэж үзэж байна

Барилгын салбарт мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай гэж үзэж байна

 

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо, Монголын Барилгын Зураг Төсөл Зохиогчдын Холбоо, Хөгжлийн Төлөө Барилгачдын Нэгдэл төрийн бус байгууллагууд хамтран Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгуулахаар боловсруулсан саналаа хүргүүллээ. Үүнд барилгын салбарыг цаашид хөгжүүлэх, өнөөдөр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зарчмын саналуудыг нэгтгэсэн байна.

Хэдий маш том салбар, далайцтай ахиж яваа бизнес ч гэлээ төр засгийн зүгээс хамтарч ажиллах, анхаарах асуудлууд байгаа учраас МАН-ын ирэх сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт оруулж болохуйц 3 зорилт бүхий, 44 зүйл  заалттай санал боловсруулснаа МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа, МАН-ын дэргэдэх Стратеги Академийн захирал Д.Бумдарь нарт хүлээлгэн өгөв.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацаанд энэ салбарт олон томоохон шийдвэр гаргаж байсны нэг нь ковид цар тахлын үед барилгын компаниудыг үнийн өсөлтөөс хамгаалж 640 орчим компанийн 304 тэрбум төгрөгийг зохицуулсан УИХ-ын 88 дугаар тогтоолыг гарган хамтарч ажиллаж байсныг МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа онцлов. Барилгын салбарынхан ч энэ шийдвэрт талархлаа илэрхийлж цаашид ч мөн хамтын ажиллагаатай байхыг хүсэж буйгаа илэрхийллээ.

Хүний амьдрах орон сууц, ажлын байрыг барьж бий болгодог Монголын эдийн засгийн томоохон төлөөлөл болсон энэ салбар сүүлийн 20 жилд үсрэнгүй хөгжин,  100 гаруй төрлийн бизнесийг араасаа дагуулдаг байна. Энэ салбарт өнөөдөр 150 мянга орчим хүн ажиллаж байгаа гэсэн тойм тоог гаргажээ. Хэдий амжилттай яваа салбар ч гэлээ саар зүйл олон бий. Тухайлбал, Улаанбаатар хот хэт төвлөрсөн, хот төлөвлөлт эмх замбараагүй болсон, барилгын чанар муу, мэргэжлийн ажиллах хүчний хомсдол бий болсон зэргийг дурдаж болно. Иймд цаашид энэ салбарт:

-Шинэ техник, технологи нэвтрүүлэх.

-Өнөөдөр дагаж мөрдөж буй дүрэм журмыг шинэчлэх, илүү боловсронгуй болгох. Ингэхдээ Төрийн олон чиг үүргийн заримыг мэргэжлийн холбоод хэрэгжүүлэх.

-Үнэ тариф чөлөөлөх.

-Төртэй хамтарч ажиллан салбарт тулгамдаад буй асуудлыг дорвитой  шийдвэрлэх шаардлагатай байгаа аж.

Энэ тухайд МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа барилгын салбарт мэргэжлийн хүн ажиллах ёстой ч оюутан залуус олноор ажилласнаар үйлдвэрлэлийн осол гэмтэл гардаг эрсдэлтэй. Барилгын салбарынхан цалин хөлсөө цаг тухайд нь өгдөггүй. Иймд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, хариуцлагатай барилгын компаниуд бий болгох, барьж эхлүүлээд хаясан барилгуудын асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарсныг онцолсон юм.