Албан тушаалаа урвуулан ашигласан, авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг шалгаж эхэлсэн билээ. Түүнийг бусдаас авлига авах гэж байхад нь үйлдэл дээр нь баривчилсан гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдэж байсан юм. Эрүүл мэнд, спортын сайдаар Г.Шийлэгдамбыг ажиллаж байхад нь өрөөндөө 500 сая төгрөгийг бусдаас авах гэж байхад нь Авлигатай тэмцэх газрынхан баривчилсан гэх мэдээллийг тухайн үед өгч байлаа. Уг мөнгө нь авлигын замаар авсан мөнгө хэмээн тухайн үед мэдэгдэж байсан билээ. Иймээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268,2 гэсэн зүйл ангиар буруутган шалгаж байгаад хэргийг шүүхэд шилжүүлээд байсан билээ.
Харин Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нь уг хэргийн улмаас урьдчилан хорих төвд хоригдож байхдаа өрөөндөө байсан 50 мянган ам долларыг МАХН-ын дарга Н.Энхбаярт өгсөн. Мөн хэрэв баригдаагүй бол нэмж 120 мянган ам доллар босгон өгөх байсан тухай хорихоос бичсэн захидалдаа дурдаж байсан билээ. Учир нь Г.Шийлэгдамба нь Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллахаас гадна МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан билээ.
Өнөөдөр эхэлсэн Г.Шийлэгдамба нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-оор шүүж байгаа юм. Мөн Г.Шийлэгдамбатай цуг хэрэгт холбогдсон Г.Ганчимэгийг уг хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, С.Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт буруутган шүүж эхлээд байна. Уг шүүх хурал нь хойшлогдоод байгаад өнөөдөр ийнхүү эхэлж байгаа юм.