Үндэсний номын сангийн шинэ барилгын бүтээн байгуулалт дуусч, тавдугаар сард нээгдэхээр төлөвлөж байна.
Шинэ барилга нь 11 давхар, 10,000 м.кв талбайтай, 16 уншлагын танхимтай бөгөөд нэгэн зэрэг 530 хүнд үйлчлэх боломжтой. Цаашлаад, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан уншлагын танхим, дэвшилтэт технологийг ашигласан орчин үеийн дэд бүтцээр тоноглогдсон.
Үндэсний номын сан шинэ барилгадаа үйл ажиллагаагаа эхлүүлснээр иргэдэд үзүүлэх номын сангийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ. Ном, хэвлэмэл бүтээгдэхүүний эргэлт сайжран, соёлын салбарт шинэ түлхэц үзүүлнэ.
Иргэд шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэгээ дээшлүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, бусадтай туршлага солилцох боломжтой болно. Номын сан нь зөвхөн мэдээлэл олж авах газар төдийгүй, иргэдийн хөгжил, суралцах үйл явцад хувь нэмэр оруулах соён гэгээрлийн төв болно. Үндэсний номын сангийн шинэ барилга нь манай улсын соёлын салбарт Чингис хаан Үндэсний музейн дараа орох томоохон хэмжээний бүтээн байгуулалт болно гэж Соёлын сайд Ч.Номин мэдэгдлээ.