Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тогтоол баталсан байна. Энэ талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийв. Дээрх хууль хэрэгжиж эхэлснээр импортоор оруулж ирэх гурил, тэжээлийн гаалийн албан татварыг хугацаагүйгээр тэглэж байгаа юм.
Засгийн газрын хуралдаанаар баталсан тогтоолын дагуу импортын барааны жагсаалтад төрөл зүйл нэмэх буюу улаан буудайн гурил, малын тэжээлийг нэмсэн байна. Ингэснээр өнөөдрөөс Монгол Улсын хилийн бүх боомтоор гурил, тэжээл татваргүйгээр орж ирэхээр боллоо. Мөн Засгийн газраас УИХ-д тогтоол өгч байгаа.
Энэ тогтоолын дагуу Засгийн газраас жил бүр шаардлагатай импортын гурилын хэмжээг тогтоох эрхтэй байна. Жил бүр 100 мянган тонн улаан буудайг стратегийн нөөцөд авах, улаан буудайг биржээр худалдаж авах юм. Тариалан эрхлэгчид дотоодын хэрэгцээгээ хангаад илүү гарсан улаан буудайгаа экспортод гаргах боломжтой болж байна.
Хүнсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр хуралдаж импортоор оруулж ирэх улаан буудайн гурилын хэмжээнд квот тогтоохгүй, хугацаа заахгүй гэж шийдвэрлэсэн. Хоёр хоногийн өмнө орос нэгдүгээр гурил 1640 төгрөг, баяжуулсан дээд гурил кг нь 1740 төгрөг болж хямдарсан тухай мэдээлэл бий. Энэ нь дотоодын гурилаас 40 орчим хувиар үнэ буурсан байгаа. Ингээд импортын татвар тэглэгдчихээр гурилын үнэ 50 орчим хувиар буурах боломжтой гэдэг нь зах зээл дээрээс харагдаж байгааг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэв. Иймд иргэдийн өргөн хэрэглээний гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ буурна, үүнийг дагаад инфляц, Монголбанкны бодлогын хүү, цаашлаад арилжааны банкны зээлийн хүү буурах таатай хүлээлттэй байна.