Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Олон улсын Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан хэвлэлийн хурал зохион байгууллаа. “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо буюу гавлагдав” акц зохион байгуулна гэдгээ мэдэгдэв. Монгол Улс өнгөрсөн жилүүдэд Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж, боомилсон хууль тогтоомжийг удаа дараа УИХ-аар батлан гаргаж, мөрдөн хэрэгжүүлж байна. Үүний улмаас ардчиллын суурь болдог Хэвлэл мэдээллийн салбар хумигдах, боогдох, хязгаарлагдах нөхцөл үүсэв. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй ажиллагсдын эрх ашиг ихээр зөрчигдөх боллоо. Эдгээр асуудлыг сөхөж гаргах, гарц шийдлийг хэлэлцэх, салбараараа асуудлаа ярилцах нь энэ удаагийн цуглааны гол чиглэл байх нь ээ.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар:
Монгол улсад өнөөдөр 600 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хэвлэлийн байгууллагууд ойролцоогоор 4500 орчим хүн ажилладаг. Тэдгээрийн эрх ашгийг хамгаалах төв байгууллага бол Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл юм. Биднийг ажил үүргээ хийхэд саад болдог олон хууль, эрх зүйн зохицуулал байна. “Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Олон улсын сэтгүүлчдийн холбооны гишүүний хувьд хоёр удаа хүсэлт тавьсан. Бидэнд тодорхой хэмжээний зөвлөмж өгч, манай улсад ирж Эрүүгийн хуулийн зүйл заалтаар яллагдагчаар татагдаад байгаа сэтгүүлчидтэй уулзаж, бодит нөхцөл байдалтай танилцан төр, засгийн удирдлагуудад зөвлөмж өгөх хүсэлтүүд гаргасан. Харин МСНЭ-ээс тавьсан хүсэлтүүдийн хариу бол Олон улсын сэтгүүлчдийн холбооноос төр засгийн удирдлагууд болон холбогдох хүмүүст ил захидал илгээж байгаа. Ил захидлын албаны ёсны хувилбарыг тавдугаар сарын 3-ны хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр танилцуулж, ирсэн зөвлөмж, шаардлагуудыг төр засгийн удирдлагуудад гардуулж өгнө. Үүний зэрэгцээ улс төрийн намуудад 2024 оны 4 дүгээр сарын 15 өдөр уриалга гаргасан байгаа. Энэхүү уриалга нь намууд УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтдаа Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан хуулийн заалтуудыг засаж залруулахад анхаарч, амлалт өгөхийг хүссэн. Мөн 2024 оны 05 дугаар сарын 03 өдөр Сүхбаатарын талбайд Улс төрийн намууд ирж МСНЭ-ийн уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурж, нэгдэхийг уриалж байна.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Г.Ариунчулуун:
-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бол Олон улсын сэтгүүлчдийн нэгдсэн холбооны албан ёсны гишүүн байгууллага. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Олон улсын сэтгүүлчдийн нэгдсэн холбоотой нэгдсэн уриан доор, эв санаа нэгтэй тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөөдөр өглөө ирсэн мэдээллээр энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг "Сэтгүүл зүй байгаль орчны хямралын эсрэг нүүр царай болно” гэсэн уриатай тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ уриаг дэмжиж буйгаа Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл илэрхийлсэн. Мөн дотоод нөхцөл байдлын улмаас Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр дотооддоо чиглэсэн акц зохион байгуулахаа танилцуулж, зөвлөлдсөн. Энэ дагуу Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооноос Хэвлэлийн эрх чөлөөний асуудлын тусгасан шаардлагыг Монголын төр засагт ирүүлж буй. Үүнийг бид 5 сарын 3 өдөр та бүхэнд танилцуулна.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Мэргэжлийн ёс зүй, хууль эрх зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа
-Бидэнд мэргэжлийн эрх ашгийг хамгаалсан хуулийн зүйл заалт, эрх зүйн орчин алга. Сүүлийн үед сэтгүүлч яаж энэ мэдээллийн олж авч нийтэлсэн бэ гэж буруутгаж эхлэх ч ял тулгаж шалгахдаа шууд л иргэн болгоод тохож байна. Би хэвлэн нийтлэх үйл ажиллагаа эрхэлдэг сэтгүүлч учраас энэ зүйлийг мэдээлсэн юм гэхээр сэтгүүлч гэж хэн юм бэ, сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашиг гэж юу юм бэ гэдгийг баталгаажуулсан хуулийн зохицуулалт алга. Хэрэв худал мэдээлэл эрүүгийн гэмт хэрэг юм бол шүүхээр орж байж үнэн, худлыг нь тогтоох ёстой биз дээ. Түүнд үндэслэж бусдыг гэм буруутай эсэхийг тогтооно гэдэг зарчим хаана байна вэ. Мэргэжлийн үйл ажиллагаа, хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлж байгаа хавх шиг олон заалтуудыг чөлөөлөх хэрэгтэй. Төрийн нууц гэсэн хэмжээ хязгааргүй нэрэн доор бүхнийг хуулиар халхавчилж нууж байна. Үүнийг нь олж илрүүлж, мэдээлэл түгээсний төлөө Хэвлэл мэдээллийнхнийг буруутгаж, хуулиар далайлгаж байна.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхий Нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр:
-Өнгөрсөн жилүүдэд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг бид “ЮНЕСКО”-гийн гаргасан уриагаар тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэ жил ч эв санаа нэг гэдгээ илэрхийлсэн. Дотооддоо тулгамдаж буй асуудалд тулгуурлан Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг өнгөрүүлнэ. Бид Хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн орчноо анхаарахгүй хөсөр хаяж ирсэн. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа ажилчдыг хамгаалдаг хууль, эрх зүйн орчин байхгүй. Жишээ нь, зураглаачийн биед хэн дуртай нь халддаг, камер, техникийг эвдсэн жишээ олон. Гомдол гаргаад явахаар зураглаачийн биед халдсаныг хамгаалах хууль, эрх зүйн орчин байдаггүй. Ерөнхий хуулийн зохицуулалтаар л шийдэгддэг. Гэтэл өмгөөлөгч, хуульч, шүүгч, цагдаагийн алба хаагчийн биед хүрэх төдийд эрүүгийн хариуцлага хүлээдэг. Тэр салбарт ийм эрх зүй, хуулийн хамгаалагдсан орчин үйлчилж байхад хүний эрхийн хамгаалагч, Ардчиллын суурь салбар болох хэвлэл мэдээллийнхэнд хамгаалалт алга. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг НҮБ-ын конвенцоор хүний эрхийн хамгаалагчид гэж үзсэн байдаг. Гэтэл биднийг хамгаалах ямар ч хууль, эрх зүйн орчин алга. Харин эсрэгээрээ бидний эрхийг хязгаарлаж, үйл ажиллагааг боомилсон 14 орчим хууль үйлчилж байна. Үүнийг үе шаттай засаж сайжруулахад Хэвлэл мэдээллийн салбарынхан нэгдэх цаг болжээ. Тиймээс 5 сарын 3 өдрийн 10:30 минутад бүгд Сүхбаатарын талбайд уулзъя.