Малчид: Бидэнд хаалттай байсан эдийн засгийг нээлттэй болгосон Засгийн газартаа талархлаа
“Шинэ хоршоо” хөдөлгөөн үр дүнтэй арга хэмжээ болж байна. Малчид бид хамтарч, нэгдэж ажиллавал үр дүнд хүрнэ. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сайддаа баярлалаа. Малчид бидэнд эдийн засгийн тулгамдсан асуудал тулгардаг. Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж, хөрөнгө оруулалтын зээл олгож, малчид биднийг хамтарч ажиллах боломжийг олгосонд үнэхээр талархаж байна.
Малчид бидэнд хаалттай байсан эдийн засгийн боломжийг нээж өгсөнд талархаж байна” хэмээн Булган аймгийн Булган сумын хоёрдугаар багийн малчин Цогтгэрэл хойд бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтийн үеэр хэллээ. Мөн Булган аймгийн Могод сумын хоршоочин Ганчимэг “Бид хөдөлмөрөөрөө хоршино. Ялангуяа бүл чадал муутай хүмүүс хоршиж, хамтарч ажиллах нь үр дүнтэй. Суманд илүүдэл үүсгэхгүйгээр хэрэгцээтэй зүйлээрээ хөдөлмөрөөрөө хорших нь зүйтэй” гэсэн санал хэллээ.
Хойд бүсийн Булган, Орхон, Хөвсгөл аймгийн 1400 орчим малчин, хоршоо эрхлэгчдийн төлөөлөл “Шинэ хоршоо” хөдөлгөөний өнөөдрийн нээлтэд оролцлоо.
Орхон аймгийн Жаргалант сумын улсын аварга малчин Эрдэнэбулган “Малчид бид хоршоонд нэгдэж, хамтарч ажиллавал зүйтэй. Миний хувьд хоршоо байгуулж байсан. Өнөөдрийн “Шинэ хоршоо” хөдөлгөөн малчин бидэнд эдийн засгийн боломж олгож байна” гэсэн бол Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын улсын аварга малчин Отгонжаргал “Энэ бол маш зөв хөдөлгөөн юм. Бидний үр хүүхдэд шинэ ирээдүй нээж өгч байна. Малчид минь энэ боломжийг итгэлтэй, тууштай атгаад авахыг уриалж байна” хэмээв.
Тэгвэл Орхон аймгийн сүүний фермерийн тэргүүн Баттөр “Бид Орхон аймагт сүүний фермертэй болохыг зорьж, хоршоогоо байгуулж байлаа. Анх 18 гишүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол өнөөдөр 31 гишүүнтэй болсон. Бид төр, засагтаа тулгамдсан асуудлаа хүргэх талд түлхүү ажилласан. Ковидоос хойш фермерүүдээ эдийн засгийн чадамжтай болгохоор түлхүү ажиллаж байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөн эхэлсэнтэй холбогдуулан гурван хоршоо болж үйл ажиллагаагаа явуулж байна. Бид тэжээлийн фермерийн үйл ажиллагаа явуулна. Учир нь ногоон тэжээл үнэтэй байдаг” гэдгийг онцлов.
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ямаачин Мөнхзул “Манай Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум эрчим үүлдрийн хар ямаагаараа алдартай. Манай сумын малчид хүчин зүтгэж, эрчим үүлдрийн ямаагаа өсгөн алдаршсан. Манай эрчим үүлдрийн хар ямаа энэ өвлийн зудыг давж гарсан. Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөний өрнүүлсэнд баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хэллээ.
“Хоршоо байгуулахад хамгийн гол нь итгэлцэл байдаг. Хоршоо байгуулахад боломж олгож байгаа Засгийн газартаа баярлаж байна” хэмээн хоршоологчид ярьж байна.
Хойд бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар илтгэл тавьж, танилцуулав.
Малчид, хоршоологчдын төлөөлөл “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсандаа талархаж, орон нутагтаа очиж, бусдыгаа уриалан, хамтарч ажиллахаа илэрхийлж байлаа.