Засгийн газраас орон даяар хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн “Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо. Тус хоршоо 2024 оны тавдугаар сард 13 гишүүнтэйгээр байгуулагджээ. Тус хоршоо нь нийт 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах гэрээгээ Төрийн банктай өнөөдөр байгуулсан нь энэ юм.
“Гурван толгодын шим” хоршоо нь сүүний үнээ, 10 га талбайн услалтын систем, хадлан тэжээл бэлтгэх трактор тоног төхөөрөмж зэргийг цогцоор нь худалдан авах төсөл бичсэн байна. Мөн ногоон тэжээл тариалах, үрийн будаа худалдан авах зэрэгт санхүүжилтээ зарцуулна гэж төлөвлөсөн талаар гишүүн малчид нь ярилаа. Хоршооны гишүүд өөрсдийн мал хөрөнгөө барьцаалж хөрөнгө оруулалтын зээлд хамрагджээ.
Зөвхөн орон нутагт салбартай банк төдийгүй “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжин арилжааны 7 банк өөрийн эх үүсвэрээс бэлэн бусаар хөрөнгө оруулалтын зээл гаргах боломжтойгоо илэрхийлэн санхүүжилтийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн батлан даалтын сангаас хоршооны зээлд 80-100 хувийн батлан даалт хийнэ. Зээлийн хугацаа 3-5 жил байх бөгөөд эхний жилд эргэн төлөлт хийгдэхгүй.