Монгол Улсын ИХ Хурлын сонгууль 2024 оны 6 дугаар сарын 28 өдөр болно. Ирэх даваа гарагт буюу 5 сарын 20 өдөр улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлэх учиртай.
Даваа гарагт улс төрийн нам, эвслүүд хурлаа хийж нэр дэвшигчдээ тодруулах тов гаргасан. Энэ өдрүүдэд улс төрийн намын удирдлагууд нэр дэвшигчдээ зурах, хэнийг хаана нэр дэвшүүлэх тохиролцоогоо хийж буй.
МАН-ын нэр дэвшилтийн гол цөмийг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар мэдэж буй. Тэр дундаа хөдөөгийн нэр дэвшигч нарын нэрийг Л.Оюун-Эрдэнэ зураглаж суугаа. Харин хотод хэнийг хаана нэр дэвшүүлэх дээр Х.Нямбаатартай зөвлөлдөж буй. 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших дэвшигчдийн нэр тодруулах ажилд МАН-ын Е.Н.Б.Д Д.Амарбаясгалангийн нөлөө сул. Харин ч өөрөө хаана нэр дэвших нь тодорхой бус. Намын дарга нь юу гэх вэ гэдэг хүртэл сонирхол татаж буй. Нэг хэсэг Д.Амарбаясгаланг тойрогт нэр дэвших шахалтыг Л.Оюун-Эрдэнэ үзүүлсэн. Гэвч түүний бодол сүүлийн үед эргэсэн гэдэг мэдээ байна. Учир нь өнгөрсөн 2 сонгуульд намын сонгуулийн менежерээр ажиллаж ялалт авчирсан туршлагатай түүнийг ганц тойрогт хөөгөөд нийт эрх ашгаа хөсөр хаях нь эрсдэлтэй гэж тооцжээ. Иймээс нэг бол хотод тойрогт явуулах, эсвэл жагсаалтад багтаах яриаг хийж эхэлсэн байна. Түүний нэр дэвших гэж байсан баруун аймгийн тойрогт Д.Амарбаясгалангийн оронд түүний хүнийг явуулна. Тэр нь шинэхэн улс төрч гэсэн шум дэгдээд байна. Энэ удаад баруун аймагт өрсөлдөх хүсэлтэй 13 улс төрч байгаа. Тэднээс хэн нь хасагдах вэ? гэдэг хамгийн сонирхолтой. Хэрэв Д.Амарбаясгаланг больсон нөхцөлд 12 болж өрсөлдөөн буурна.
Д.Амарбаясгаланг жагсаалтын 9 орчимд орно гэсэн таамаг яриа гараад байна. Ер нь бол магадлал тун өндөр гэнэ. Эхний хэсэгтээ салбар салбарын төлөөлөл болсон 4 эрэгтэй, 4 эмэгтэйг бичиж байршуулна. Харин 9-12 дотор намынхаа улс төрчдөөс оруулна гэсэн тохиролцоог хийгээд байгаа сурагтай. Хэрэв ийм нөхцөлд Д.Амарбаясгалан, Д.Тогтохсүрэн, Б.Жавхлан гэсэн нэрс намын жагсаалтад орохоор яригдаж байна. Харин эмэгтэйчүүдийн төлөөлөл болж Амарзаяа, дэд сайд Солонго зэрэг нэрс яригдаж байна.