Шинэ үеийн малчдын ажил амьдрал үнэхээр өөр болсны тод жишээ Б.Омогшил, О.Алтанзураг нар юм.
Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Шүүт гацааны залуу малчин хосын ажил амьдрал өнөөдөр манайд яг л хэрэгтэй, бас туршлага судлах сурвалжилга байсныг энд онцольё.
Хөдөөгийн залуу малчид тохь тухтай амьдрал, бизнес сэтгэлгээг хэрхэн хослуулсныг тэдний амьдрал, орчин нөхцлөөс харж болно.
80 гаруй м2 тохилог сууцанд амьдарч, хажуудаа 12 ханатай өргөө гэр сүндэрлүүлсэн тэдний гэрт ороод өвөрмонголын малчдын амьдрал хэрхэн өөрчлөгдсөн дүр зургийг харж болохоор байлаа.
Хосууд Хөх хотод хэл, утга зохиолын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн нэг ангийнхан. Сургуулиа төгсөөд, хамтдаа ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийг мэргэжлээрээ гүнзгийрүүлэн сурсан ч нутагтаа ирж малчин болохоор сэтгэл шулуудан амьдарсанаас хойш 5 дах жилийнхээ нүүрийг үзэж байгаа аж.
Тэднийх 2000 гаруй га талбайд 50 гаруй сементаль үүлдэрийн үхэр, 100 гаруй хонь, 20 гаруй адуутай. Хонь адуугаа хувийн хэрэгцээнд хэрэглэдэг бол сайн үүлдэрийн үхэрнээсээ ашиг шим хүртэж эдийн засгийн эргэлтэнд оруулдаг байна.
Мал маллаад удаагүй байхдаа сементаль үүлдрийн нэг тугалыг 20 мянган юаниар зарж борлуулсан нь мал аж ахуйг бизнес болгох, илүү ашигтай ажиллах урам зориг өгчээ. Тэдний жилийн орлого нэг сая юаниас дээш байдаг бөгөөд энэ нь төрийн албанд ажилласнаас 4 дахин илүү орлоготой хэмээн ярьж байна.
Үсрэнгүй хөгжил гэдэг үг зөвхөн хот сууринд зориулагдсан үг биш бололтой. Хөдөөд мал маллаж, эрчимсэн мал аж ахуйг эдийн засгийн эргэлтэд оруулж хэрхэн сайхан амьдарч болдгийг биеэрээ үлгэрлэн яваа залуу хос ажлын хувьд түүртээд байх юм байдаггүй хоёулахнаа болгодог гэнэ.
Малаа дулаан пинд хашаалдаг, ялангуяа тугал, хургаа дулаан байлгахын тулд нарны эрчим хүчийг ашигладаг бөгөөд 11 сараас эхлэн долоон сарын турш бэлчээрт гаргалгүй, хашаалан тэжээдэг.
Харин 6-11 сарын хооронд бэлчээрт гаргадаг. Усаа цахилгаанаар халаагаад турбагаар гүйлгэчихдэг, өвч тэжээлээ цахилгаан машинаар хадаж, бордоогоо хийчихдэг, бордооныхоо машинаар тэжээлийг нь урд урдах саванд нь хийчихдэг. Орчин үед малчдын ажил их хөнгрсөн шүү гэж ярих тэд зундаа малаа ээж аавдаа захиж үлдээгээд сайхан зугаалдаг. Бээжин, Шанхай, хятадын томоохон хотууд, тэр ч бүү хэл ар монголынхоо нутгаар ч аялсан. “Залуу хүн аялахгүй, өөрсөддөө цаг зарцуулахгүй амьдрах утгагүй. Өвлийн улиралд ч бид малаа өвс тэжээлийг нь тавьж өгчихөөд гацааруу кино ший үзэхээр явдаг. Чөлөөт цагаараа ном зохиол уншина, ярилцана. Ер нь хотын залуучуудаас дутахгүй сайхан амьдардаг хэмээн ярьж байлаа.
Хэдийгээр ажлаа хөнгөвчилсөн техник технологи ашиглаж байгаа ч цаашдаа амь ахуйгаа сайжруулахын тулд ажлаа илүү хөнгөвчлөх шинэ техник авах шаардлагатай байгаа. Мөн малчид маань нийлээд хоршоо байгуулбал хамтраад өвс тэжээлээ бэлдэх, мал махаа зарж борлуулах гээд олон ажлууд хамтын хүчээр хөнгөрөх юм билээ. Энэ тал дээр анхаарч байгаа. Улсаас бас биднийг бүх талаар дэмждэг. Тухайлбал сайн үүлдрийн мал авах болон борлуулахад, бэлчээрийн зохистой харилцааг бий болгоход, шинэ техник хэрэгсэл авахад, малаа эрүүлжүүлэх зэрэгт тодорхой хувийг улсаас даадаг, урамшуулал өгдөг хэмээн ярилаа.
Монгол малчины хувьд малын тооноос илүү чанарт шилжих, өндөр ашиг өгөх цөөн малыг хурдан хугацаанд эдийн засгийн эргэлтэнд оруулах, хүний оролцоо бага, ажил хөнгөвчилсөн техник технологийг ашиглах, мөн малчид нийлж нэгдэж хорших, шинэ цагийн бизнесмен малчин болоход хаана хаанаа анхаарахгүй бол бид хоцрох нээ