Ши Ань хот гэхээр эртний Хятад улс, торгоны зам хамгийн түрүүнд санаанд ордог. Монголын их хаадын түүхтэй холбогддог энэ хот эрт үед Чан Ань буюу “Мөнхийн хот” нэртэй байсан шигээ өнөөдөр ч 1000 н жилийн өмнөх түүхийг өгүүлэх мөнхөд тасрахгүй жуулчдын онцлон зорих хот болон хөгжжээ.
Нүүрс, цахилгаан, эрчим хүч, хүнсний үйлдвэрлэлээрээ хятаддаа тэргүүлдэг эдийн засгийн томоохон нөлөө бүхий тус мужыг зорих олон олон шалтгаанууд бий. Түүний дотроос
Ши Жиньпин даргын: Хятадын мянган жилийн түүхийг Ши Ань хотоос олж харна гэж хэлсэнчлэн их хаадын өлгий болсон Ши Ань хот түүх дурсгалын олдворуудаараа өнөөдөр дэлхийг татаж эхэллээ. Үүний зарим нэгийг онцлон дурдвал:
1 “Чинь Ши Хуаны морьт цэргийн олдвор”
1987 онд ЮНЕСКО-гоос зарласны дагуу “Чинь Ши Хуаны морьт цэргийн олдвор”-ыг “Дэлхийн найм дахь гайхамшиг”-аар нэрлэсэн байна. Зөвхөн үүнийг л үзэх гэж жил бүр 2 сая гаруй жуулчин дэлхийн өнцөг булан бүрээс Ши Ань хотыг зорьдог бөгөөд энэ олдворыг 1974 онд хөдөө нутгийн тариачин худаг ухахаар малтлага хийхдээ олж мэдэгдсэнээр анх бүртгэгджээ.
Олдворыг Чин улсын үед буюу МЭӨ221-МЭӨ206 оны үеийн найман мянган морьт цэргийн үлдэгдэл гэж үздэг. Нийтдээ 20 км кв талбайг эзлэх өөр хоорондоо адилгүй, давтагдашгүй царай төрхтэй морьт цэрэг, тэдний эдлэл хэрэглэл, мөн морьдыг судалгааны явцад НТӨ 246 оноос эхлэн хаанчилсан Цинь Ши Хуандитай холбоотой гэж батласан байна.
Эзэн хааныг таалал төгссөний дараа эрхэм дээдсээ хойд насанд нь хамгаалах дайчдыг амьдаар нь булах ёстой байсан ч ард түмний эсэргүүцлээс үүдэн үймээн үүсэхээс сэргийлж, түүний бүхэл бүтэн армийг шавраар дуурайлган хот хүрээтэй нь урласан аж. Шавар дайчдын дийлэнх нь цаг хугацааны эрхэнд эмтэрч, элэгдэж муудсан байсан тул дүр төрхийг нь сэргээх ажилд 70 мянга гаруй ажилчид гар бие оролцсон байна.
Малтлагын ажил нийт гурван үе шатаас бүрдэх бөгөөд 1978-1984 онд хийсэн эхний шатанд буюу 1980 онд дөрвөн хүлэг хөллөсөн байлдааны цэргүүд олдсон бөгөөд морь тус бүрийг үнэт чулуу, алтаар чимэглэсэн байв. Харин хоёр дахь шатыг 1985-1986 онд хийсэн бол гурав дахь шатыг 2009 онд эхлүүлсэн бөгөөд одоо хэр нь малтлага болон сэргээн засварын ажлууд үргэлжилж байна.
2. 1400 гаруй жилийн түүхтэй “Ши Ань хотын хэрэм”
МЭ-ийн 582 онд баригдсан Ши Ань хотын хэрэм нь 12 метр өндөр, 18 метрийн өргөнтэй, 13,7 км урт, 18 хаалга бүхий энэ хэрэм 1000 гаруй жилийн турш бүрэн бүтнээрээ хадгалагдаж үлдсэн дэлхийн хамгийн том хэрэм гэдгээрээ алдартай.
Тус хэрмийг Сүй улсын эзэн хаан Кайхуагийн үед баригдсан гэж үздэг бөгөөд Тан гүрний үед өргөтгөж барьсан энэ хэрмийг хэд хэдэн удаа сэргээн засварлажээ
"Соёлын хаалга" хэмээн алдаршсан Юннин гол хаалгаар дэлхийн 40 гаруй улс орны төрийн тэргүүн болон нэр хүндтэй зочдыг хүлээн авсан байна. Энэхүү төв хаалга нь жуулчдад зориулан өглөө 9,00 цагт Тан гүрний үеийн цэрэг, баатруудын сүр жавхлант тоглолтоор эхлэх бөгөөд тус хэрмийг үзэж сонирхохын тулд жуулчид 80 юань төлдөг байна. Өдөрт дунджаар 10-20 мянган жуулчдын хөлд дарагддаг энэ хэрэм оргил үедээ өдөрт 50 мянган жуулчин хүлээж авах хүчин чадалтай аж.
Хэрмийн дээр худалдаа үйлчилгээний газрууд байх бөгөөд хэрмийн завсраар гаднах эргэн тойрны үзэсгэлэнт байгаль, хотын үзэмжийг тольдон харах боломжтой юм.
Эртний хятадын түүхэнд гардаг хотыг хамгаалах хүчирхэг цайз, тухайн үеийн барилга архитектурын гол шийдэл болсон бөх бат хэрмийг тэр хэвээр нь харья гэвэл Ши Ань хотын хэрэм хамгийн тохиромжтой.
3. 12 цагийн гудам буюу Тан гүрэнд тавтай морил
Эртний Тан гүрнээр зочилж өөрөө тэдний нэг болохыг хүссэн хүн бүрийн зорьж очих газар “Чан Ань 12 цагийн сэдэвт гудамж”
Нийт 24 мянган метр квадрат талбайд бүтээн байгуулалт хийж Тан гүрний үеийн түүхийг илтгэх цаг тооллын дүрслэл, барилга байгууламж, эртний хятадын урлагийг цогцоор нь харуулсан үндэсний тоглолтууд, худалдаа наймаа, хоолны соёл, уран барилгын хийцүүд, хөшөө дурсгал гээд бүгдийг нэг дор шийдсэн энэ төв гадаадын төдийгүй орон нутгийн иргэдийн зорьж очиж цагийг зугаатай өнгөрүүлдэг газрын нэг болж чаджээ.
120 юань төлж орох энэ төв эртний хятадад очсон мэт сэтгэгдэл төрүүлэх бөгөөд Тан улсын хаан хатад түүний шадар туслахуудын үзүүлбэр, хэсэгчилсэн түүхэн жүжиг, дуу бүжиг, сүүдэр ший, харилцан яриа, /комеди/ гээд хаана л бол хаана тоглогдох үзүүлбэрүүдээс хятадын соёлын өвийг нэг дор сонирхож болно.
Тэр үеийг хоолыг амтархан зооглож, гар урлалын бүтээгдэхүүнээс худалдан авч, аз таарвал түүхэн кино, зураг авалтад оролцох боломж ч бас гардаг байна.
Түүнчлэн гудмаар нь хөлхөлдөх Тан гүрний үеийн хаад хатдын хувцас өмссөн залуучууд, хөгшин залуу хосууд дэвүүр сэвж намжирдан алхах бөгөөд хүсвэл та ч бас 190 юань төлж хувцас өмсгөл зүүсгэл, үс засалт, нүүр будалтыг цогцоор нь хийлгэн өдрийн турш үзэсгэлэнт гүнж, хаад ноёдын дүрд хувирч алхах боломжтой.
4. “Нойргүй хот” буюу үзэсгэлэнт улаан шөнө
2019 онд Хятад улс бодлогоор худалдааны 11 гудамж, талбайг засаж, шинэчлэх төслийг эхлүүлсэн бөгөөд үүний нэг нь “Нойргүй хот”-ын гудамж юм. Уг гудамжаар өдөрт 200 мянган хүн өнгөрдөг бөгөөд энэ хэрээр хотын эдийн засгийн эргэлтэд нөлөө үзүүлдэг байна.
Нийт урт нь 2.1 км, өргөн нь 500 м үргэлжлэх энэ гудам алдарт Да Яньта суваргын хөл дор байрлаж эргэн тойрон нь хятадын эртний уламжлалт уран барилгуудаар нүд булааж, улаан гэрлээр үзэмж нэмсэн нь сэтгэл татам үзэсгэлэнтэй аж.
Гудмын хоёр талаар худалдаа үйлчилгээ, үзвэр болон зураг даруулах түүхэн дурсгалт газар, хөшөө дурсгалыг сүндэрлүүлсэн нь жуулчдыг татах бас нэг гол цэг болжээ. Хятадын эртний хувцасаар гоёсон залуучууд энд мөн л хөл тавих зайгүй бужигнаж өдөр шиг гэрэлтэх үзэсгэлэнт улаан шөнө жуулчдыг татах бас нэг гол цэг болжээ.