Хятад Монголын хамтарсан ” Хятадын орчин үеийн шинэчлэл- Шааньси, Өвөр Монголоор аялахуй” сурвалжлагын баг “Longi” ногоон эрчим хүчний төвөөр зочиллоо.
Ногоон эрчим хүч нь байгальд ээлтэй хөгжлийг түргэтгэж, эрчим хүчний зардлыг бууруулан, улс орнуудын эко хөгжлийн зорилтыг биелүүлэхээр бусдаас илүү эрчимтэй хөгжиж буй салбар юм. Тэгвэл өнөөдөр БНХАУ дэлхийд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлээр хамгийн том улс болоод байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаралгүй улс болох зорилт дэвшүүлсэн бөгөөд энэ бодлогыг хэрэгжүүлэхэд судалгаа, болон үйлдвэрлэлд онцлон анхаарч маш их мөнгө зарцуулж байгааг судлаачид онцолдог.
Бидний очсон “Longi” компаний хувьд 2000 онд байгуулагдсан цагаасаа эхлэн нарны туяаг ашиглан эко эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх зорилт тавин ажилласан байна. Өнөөдөр тус компани 60 гаруй мянган ажилтантай бөгөөд дэлхийд тэргүүлэх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг бий болгохын тулд 4000 орчим судлаачид эрчим хүчний судалгааны ажил хийдэг байна.
Тиймдээ ч есөн жил дараалан монокристалл цахиур ялтасны үйлдвэрлэлээр дэлхийд нэгт, 3 жил дараалан модулын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, зах зээлд эзлэх хувь хэмжээгээрээ дэлхийд нэгт жагсаж байна. Мөн дэлхийд хамгийн том, технологийн дэвшилтэт фотоволтайк үйлдвэрлэлийн компани болон хөгжсөнөөс гадна нэг талст цахиурын нарны эрчим хүчний үр ашгаар дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.
Тус компаний үйлдвэрлэсэн 2 талт хавтан нь нарны эрчим хүчийг хуримтлуулан эрчим хүч ялгаруулахаас гадна ар талдаа нарнаас газарт ойсон дулаан болон гэрлийг хураан эрчим хүч гаргадаг нь хэрэглэгчдийн сонирхлыг их татдаг байна. Түүнчлэн орон сууц, барилга байгууламжийн дээвэр, гадна пасад хийх зориулалттай бат бөх гоёлын болон шилэн эрчим хүч ялгаруулах хавтангуудыг үйлдвэрлэн гаргаж байгаа. Цаашдаа устөрөгчийн эрчим хүчийг илүү хөгжүүлэхээр ажиллаж байгааг онцолж байлаа.
“Longi” компани нь Герман, Америк, Япон, ОХУ зэрэг дэлхийн 15-н улс оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг дэлхийд нарны эрчим хүч үйлдвэрлэлээрээ 3-т ордог томоохон компани болтлоо хөгжсөний нууц нь олон мянган эрдэмтэн судлаачдын үр дүн хэмээн тайлбарлаж байна.
Үнэхээр ч улс орны хөгжил, техник технологийн дэвшлийн эрин зууныг найдвартай эрчим хүчнээс салгаж ойлгох аргагүй. Энэ эрчим хүч нь эх дэлхийгээ хордуулдаг биш эрүүл аюулгүй, эргэн сэргээгддэг эрчим хүчнээс эхлэлтэй гэдгийг Хятад улс хөгжлийнхөө гол бодлого болгон хэрэгжүүлж байгааг эндээс харж болохоор байна.