Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяртай эрчүүдийн эрүүл мэндийн асуудлын талаар ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд эрчүүдийн эрүүл мэнд амь насны асуудал их хөндөгддөг боллоо. Ид хийж бүтээх насны эрчүүд ихэвчлэн нас бараад байгаа нь яг юутай холбоотой юм бол. Шалтгаан нөхцөл нь юу вэ?
-2019 онд эрэгтэйчүүдийн асуудлаар энэ чиглэлийн хүрээнд манайхаас ҮСХ-той хамтраад цэргийн насны буюу 10 мянган залуу дээр үндэсний судалгаа хийсэн. Энэ судалгаанаас харахад эрчүүдийн эрүүл мэнд болон дундаж насжилттай холбоотой гурван том шалтгаан гарч ирсэн. Нэгдүгээрт эрүүл мэндийн асуудал гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах байдал нь эрчүүдийн хувьд эмэгтэйчүүдээсээ 1,5 дахин бага гэж гарч ирсэн. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр өвчнөө хүндрүүлсэн, хорт хавдрынхаа эцсийн шатанд орсон үедээ эмнэлэгт хандаад байдаг. Угтаа бол өвчлөхөөс өмнө өөрийгөө үзүүлж, эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамрагдах ёстой. Эрүүл байх ёстой гэсэн ойлголт мэдлэг эрчүүдэд байгаа хэрнээ эмнэлэгт очно, үзүүлнэ гэсэн дадал хэвшмэл ойлголт хандлага ерөөсөө байхгүй байна.
Дараагийн нэг том суурь шалтгаан гэвэл зам тээврийн осол гарч ирж байна. Өөрөөр хэлбэл нөхөн үржихүйн залуучууд буюу 25-45 насны эрэгтэйчүүд зам тээврийн ослоор эрүүл мэндээ алдах, цаашлаад амь насаа алдаж байна. Мөн зам тээврийн осолтой адилхан ажлын байран дээрх үйлдвэрийн ослоор амиа алдаж байгаа эрэгтэйчүүд. Ажлаа хийж байгаад ажлын байран дээрээ амь насаа алдана. Харин сүүлийн шалтгаанууд гэвэл стресс менежментийн асуудал байгаа юм. Хүн л болсон хойно амьдралд, ажил төрөлд асуудал гарна, тулгарна. Уур уцаар бухимдал, азжаргал сайн сайхан зүйлс гээд хосолно, ээлжилнэ. Тэр бүгдийг хуваалцах, бас уур бухимдлаа илэрхийлэхээрээ эрчүүд нөгөө л хорт зуршил болох архи, тамхийг хэтрүүлэн хэрэглэдэг. Энэ байдлаас болж гэнэт даралт харвах, зүрх судасны өвчлөл, халдварт бус өвчнөөр нас бардаг. Гэх мэтчилэн суурь шалтгаанууд эрчүүдэд гүн байна. Үндсэн суурь нь бол эрчүүдэд байгаа жендерийн хэвшмэл ойлголт буюу би эрэгтэй хүн болохоороо өвдөхгүй үхэхгүй гэсэн ойлголт гүн нөлөөлж байна.
-Өрх гэрээ авч явна, үүрэг хариуцлагаа үүрнэ, үр хүүхдийнхээ төлөө эрүүл байна гэдгээ ойлгодог хэрнээ яагаад эмнэлэгт очих дургүй байдаг юм бол?
-Юунаас болоод байна вэ гэсэн үндсэн том шалтгаанаа задлаад харах юм бол жендерийн хэвшмэл ойлголт нөлөөлөөд байна. Яагаад зөв хандлага дадал суухгүй байна вэ. Эрэгтэйчүүдэд би зүгээр, эрүүл байхад яагаад эмнэлэгт очих ёстой юм. Тийшээ явах цаг зав байхгүй, ажил төрлөө хийх ёстой гэсэн хандлага бий. Бас эмнэлэгт очоод байвал өөрийгөө сул дорой нэгэн болно гэж ойлгочих талтай.
-Яагаад эрчүүдэд эрүүл зөв урт удаан амьдрах дадал зуршил байхгүй байна вэ?
-Манай судалгаа хийгдсэний дараа яагаад эрүүл зөв амьдрах дадал зуршил Монголын эрчүүдэд байхгүй байна вэ гэдэг дээр Дэлхийн банк судалгаа хийсэн. Энэ судалгаагаар хэвшмэл ойлголт юм, хэвшмэл ойлголтыг өөрчлөхгүй бол жендерийн боловсролыг олгохгүй юм бол зөв хандлага дадал суухгүй ээ. Хэн нэгний оролцоотойгоор хийгдэх ёстой ажил гэж харсан. Заавал гэрийнх нь хэн нэгэн эхнэр, ээж нь аваачиж эмнэлэгт үзүүлэх үүрэгтэй биш шүү дээ. Тэгэхээр эрэгтэйчүүдийн нийгэм, эрүүл мэндийн асуудал дээр нь анхаарах цаг үе яалт ч үгүй болжээ. Судалгаагаа хийгээд орхиогүй. Монгол Улс анх удаа үндэсний судалгаандаа суурилаад эрэгтэй хүмүүсийн дундаж насжилтын зөрүүг багасгах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргасан. Энэ нь тэр чигтээ эрэгтэйчүүдэд чиглэсэн үйл ажиллагаатай.
-Хэдэн жилийн хугацаатай хэрэгжүүлсэн төлөвлөгөө вэ. Үр дүн, хэрэгжилт нь ямар байгаа бэ?
-2020-2022 оны хооронд хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлсэн. Мэдээж энэ үед ковидтай хүнд үе байсан. Гэхдээ энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж, дараа нь үнэлээд 2023 оны зургадугаар сард бид нар ЗГХЭГ-т тайлагнаад бүх салбарын яамдуудад хүргүүлсэн. Хэрэгжилт нь 60 гаруй хувьтай буюу хангалтгүй байсан ч нэг зүйлийг маш сайн ойлгосон. Олон нийтээрээ буюу Монгол Улс тэр чигээрээ эрчүүдийн эрүүл мэндийн асуудалд анхаарах ёстой юм байна гэсэн нэг ойлголтод хүрч чадсан. Анхаарах ёстой юм байна гэсэн нэг мессэжийг нэвт авчихсан. Бид нар мөлхөө байдалтай юмаа хийгээд явж байхад хажууд хүмүүс зэрэгцээд өөрийн өөрсдөө анхаарах хандлагуудыг бий болгож байна гэдэг нь төлөвлөгөөний ач холбогдол мөн. Яагаад гэвэл эрчүүд богино насалж байгаагаа, ямар нэгэн өвчтэй байж магадгүй гэдгээ, хорт зуршлаа хаямаар юм байна, хоол ундаа тохируулж зөв хооллох ёстой байна гэдгээ ойлгодог болжээ. Хайртай хүмүүстэйгээ хамт байхын тулд өөрийгөө эхлээд хайрладаг байх ёстой гэдгээ ойлгосон байна.
Бид энэ төлөвлөгөөгөө ингээд зогсоочихгүй. Суурийг нь тавьчихсан учир цаашаа үргэлжлүүлээд тодорхой акцуудыг гаргая гээд энэ жил дахиад Ажлын хэсэг гаргаад дөрвөн жилээр төлөвлөгөөгөө боловсруулсан. Өнгөрсөн сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар батлагдаад, төлөвлөгөөгөө танилцуулах үйл ажиллагаандаа явж байна. Мөн ялгаагүй 4 зорилт, 36 үйл ажиллагааг 4 жилийн хугацаанд бид нар бүхий л салбарын яамдуудаас Ажлын хэсэг байгуулаад дахин ажиллана.
-Жендерийн ойлголтыг олон нийтэд ойлгуулахад хугацааны хувьд урт хугацаа шаардагдах юм шиг санагддаг?
-Жендерийн асуудлын үр нөлөө олон жилийн дараа гардаг. Тийм учраас бид Жендерийн нөхцөл байдал улс орны эрдэм шинжилгээг 10 жил тутамд нэг удаа хийдэг. Тодорхой үндэсний хэмжээний хуулийг хэрэгжүүлэхэд 4-5 жил, 5-10 жил гээд төлөвлөгөө батлаад хэрэгжүүлдэг. Хүний хандлагыг өөрчлөх гэж байгаа ажил, дадал болгох гэж байгаа зүйлүүд дээр суурийг нь тавьж өгөөд хэвшүүлэх, чиглүүлэх ажлуудыг тодорхой түвшинд хөтөлнө. Нэгэнт бий болчихсон юм дээр төр шахаад ч төлөвлөгөө байгаад ч хэрэггүй. Тэртээ тэргүй үр нөлөөг нь хүн өөрөө мэдрээд эхлэнгүүт хийдэг болно. Бидний энэ төлөвлөгөө 2028 он хүртэл явна. Дөрвөн жилийн хугацаанд СӨБ-ын боловсролоос их дээд сургуулийн боловсрол хүртэлх 4 шатны албан боловсролын систем буюу жендерийн боловсрол хичээлээр заагдахаар орж ирж байгаа. Энэ зунаас салбарын яам нь хичээлийн хөтөлбөрүүдийг шинэчилнэ. Түүн дотроо Жендерийн хуулийг оруулсан. Хүний эрх жендерийн тэгш байдлыг тусгасан. Бага ангиасаа эхэлж жендерийн хэвшмэл ойлголтууд гэж юуг хэлэх юм гэдгийг боловсролын системээр тодорхой заана.
-Эрэгтэй гэдэг хүйсийн хувьд ямар асуудлууд тулгамдаад байна вэ?
-Олон асуудал бий. Яагаад охидын үзлэг гэж байгаад хөвгүүдийн үзлэг гэж байдаггүй юм. Тэгэхээр бүх сургуулийн ангиуд болон ахлах ангиудад хүрч ажиллахаар байгаа. Нэгэнт албан боловсролын системээр жендерийн хэвшмэл ойлголтыг аваагүй хүмүүстэй бид тусгайлсан төлөвлөгөө гаргаж ажиллах шаардлагатай байна. Ажлын байран дээр гарчихсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрт ямар асуудал байна вэ гэдгээ олж харахын тулд манай хорооны хийж байгаа бүх тайлан төлөвлөгөө, тусгайлсан хөтөлбөрүүдийг харах хэрэгтэй. Тухайлбал, 45 настай эрэгтэй дээрх төлөвлөгөөг уншаад 85 насыг насална гэсэн зорилготой байх хэрэгтэй. Яагаад гэвэл эрэгтэйчүүдийн дундаж наслал 9,7 жилээр бага байна гэдэг чинь 73-75 нас хүрч байна. Нас баралтыг харахаар 50-60 хүрээд талийгаач болдог. Нас баралт нь 30-40 жил ажиллаад яг ид гавьяаны амралтандаа гараад өвөөгийнхөө үүргийг гүйцэтгээд урт наслахын жаргалыг үзэхгүй байна. Ханьтайгаа хамтдаа урт наслахын жаргалыг үзэхгүй өнгөрнө гэдэг харамсалтай. Эмээ нь бэлэвсэрч өнчирч үлдээд байна. Хэрэв та 85 жил насална гэж бодож байгаа бол 45 насандаа эрүүл байх ёстой. Гэтэл манай эрчүүд тийм байж чадахгүй байна. 19-25 насны залуучуудыг судалгаанд хамруулахад эрүүл байж чадахгүй 60 орчим хувь нь ямар нэгэн өвчтэй гарсан. Гэтэл ҮСХ-ны тодорхойлсноор хамгийн эрүүл байх ёстой нас гэж үздэг. Яагаад гэвэл 18 нас хүртэл хүүхэд аав ээжийн хараа хяналтад байж, Монгол Улсын төр таны хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг даатгаад цоо эрүүл байх ёстой. Гэвч 19-25 насанд их дээд сургуульд ороод ажлын байран дээр гарч ирээд амьдралын эрүүл хэв маяг байхгүй, хоол хүнсний буруу хэрэглээтэй, өлөн хоосон явах архи тамхины замбараагүй хэрэглээнээс болж биедээ хайхрамжгүй хандсаны гороо 45-аас дээш насандаа амсаж, нөгөө хорт хавдраар өвдөж, ид насны капиталаа алдчихаад байгаа юм.
-Ер нь нөлөөллийн ажил хийх нь их чухал юм. Энэ ажлыг хэн хийх вэ?
-Бид гаргасан төлөвлөгөөгөө 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг 16 салбар яамд, хороо зөвлөлүүд хүргэж ажиллана. Боловсруулах цаг хугацаанаас нь эхлээд аймгууд, дүүргийн ЗДТГ-т байдаг Нийгмийн бодлогын хэлтсийн дарга мэргэжилтнүүдийг нь оролцуулж саналыг нь авдаг. Аймгийн нийгмийн бодлогын хэлтэс гэхээр бүхэл бүтэн хүн ам нь хамаарна. Аймгуудаас тулгамдаж байгаа асуудлаа нэг бүрчлэн гаргаж саналаа өгнө. Ерөнхий төлөвлөгөө гаргаад хоёр жилийн хугацаанд ажиллахад сайн туршлага харагдсан. Зургаан аймаг аймгийнхаа түвшинд зориулсан эрэгтэйчүүдийн асуудлаар үйл ажиллагаа чиглүүлсэн байдаг. Малчин эрчүүдийгээ эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар төлөвлөсөн байсан нь сайн туршлага.
Хоёрдугаарт бид олон улсын болоод тэмдэглэлт өдрүүдийг ашигладаг. Дэлхий нийтийн жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 14 хоногийн аян байна. Энэ аяныг үндэсний хэмжээнд өрнүүлдэг. Дараагийн нэг том ажил бол олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж явуулдаг. Сүүлийн гурван жил дарааллаад цэргийн баярыг тохилдуулаад цэрэг армид алба хаасан хүмүүс баярлахаас гадна Монгол эрэгтэйчүүдэд хандсан нөлөөллийн ажлыг сайн хийгээчээ гэж уриалдаг. Цэргийн баяр эмэгтэйчүүдийн баярыг нийлүүлээд нэг сарын компанит ажил болгочихлоо. 3 сарын 1-нээс 4 сарын 1 хүртэл харилцан хүндэтгэе, хамтдаа байя, бие биенээ дэмжье гэсэн байдлаар нөлөөллийн ажлыг хийдэг. Гэхдээ нөгөө талдаа хүний эрх зөрчсөн жендерийн мэдрэмжгүй үйлдэл гаргахгүй байхыг хичээдэг. Нөлөөллийн ажлыг хэн хийдэг вэ гэхээр хүн л хийнэ. Тэр хүний жендерийн ойлголт мэдлэг ямар байх вэ гэдэг нь манай хороо дэмжээд сургагч багшийг бэлтгэж олон хүнд нөлөөллийн ажлыг хийхийг зорьдог.
-Эрчүүдэд хандаж юуг хэлэх вэ?
-Хүмүүсийн амьдралын чанар нэмэгдэж байна. Хүн бүхэн эрүүл байж урт наслах боломжтой. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх үзлэгт ороочээ. Магадгүй танд мэдэгдэхгүйгээр дүлий эрхтэнүүд өвчилсөн байх вий. Жилдээ нэг удаа гэр бүлээрээ эрүүл мэндийн үзлэгт орж байгаачээ, байгууллагаас эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг тэр үзлэгтээ хоцрохгүй орж байгаасай. Эмнэлэгт үзүүлснээрээ эрэгтэй хүн та сул дорой болчихгүй. Хайртай хүмүүсийнхээ төлөө хийж байгаа зөв үйлдэл юм.