Хүннү рок урсгалыг үндэслэгч, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулан Дэлхий дахинаа өөрийн өнгө төрхийг тодорхойлж буй "Чингис хаан" одонт "The Hu” хамтлаг Монголын үндэсний их баяр наадмаар анхны бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо толилуулах гэж байгаа билээ.
Уг тоглолтын хэвлэлийн бага хурал энэ сарын 27-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх "Хит парк"-т 13:00 цагт болохоор болжээ.
Хамтлаг байгуулагдсанаас хойш анх удаа ийнхүү эх орондоо бүрэн хэмжээний тоглолтоо толилуулах гэж буй тэд энэхүү тоглолтынхоо тухай "Удаан бэлдсэний эцэст элэг нэгт Монгол ахан дүүсдээ "The Hu" хамтлаг нь үндэсний их баяр наадмын өмнөх өдөр буюу 7 сарын 10-ны өдөр "HIT Park Ulaanbaatar"-д бүрэн хэмжээний тоглолтоо хийхээ албан ёсоор зарлаж байна. Нэг оройг Монголоороо омогшиж өнгөрөөцгөөе. Дэлхийд Монголоо тамгалдаг ая дуугаа та нартаа барих болно" гэжээ.
"The Hu" хамтлагийг 2016 онд Гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог үүсгэн байгуулсан ба Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодгоороо онцлог. Хамтлаг үндсэн дөрвөн гишүүнтэйгээр 2018 оны есдүгээр сард "Юу вэ, юу вэ, юу” дуугаар дебютээ хийсэн бөгөөд тус дуу Youtube хуудаснаа 122 сая хандалт авчээ.
Уг дуугаараа дэлхийн рок хөгжмийн урсгалд шинэ салхи авчирсан тэд үргэлжлүүлэн "Wolf Totem", "Shoog shoog" зэрэг дуунуудаа гаргаж, 2019 онд "Gereg" хэмээх цомгоо худалдаанд гаргажээ. Энэхүү цомог худалдаанд гарсан даруйдаа Billboard-ийн World albums төрөлд 1-р байрт жагссан байдаг.
Монголын уран бүтээлчид эх хэл дээрээ гаргасан уран бүтээлээрээ дэлхий дахины анхаарлыг татна гэдэг ердөө мөрөөдөл төдий байсан цаг саяхан. Харин "The Hu" хамтлаг энэхүү мөрөөдлийг бодит болгож дэлхийд томоохонд тооцогддог “Coachella”, “Hellfest” зэрэг хөгжмийн фестивалиудын тайзнаа тоглож, өнгөрсөн хугацаанд хоёр цомог, дөрвөн сингл цомог гаргаж, Америк, Европ, Австрали, Ази тивд нийт 270 гаруй тоглолт хийжээ.
эх сурвалж:news.mn