УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын увайгүй үйлдэл буюу Архангай аймгийн АН-ын даргын тамга “алдагдсан” тухай тус намынхан шивэр авир хийгээд эхэлжээ.
Ардчилсан нам нь Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн нам билээ.
Ардчиллын үнэ цэнийг өндөрт өргөж, үзэл баримтлалыг орон нутагт оройлон мандуулж яваа аймаг бол яах аргагүй Архангай юм. Харамсалтай нь тус аймгийн АН-д “аюул заналхийлэл” учраад байна. Архангай аймгийн АН-ын 10 мянган гишүүний үзэл бодол, үнэт зүйлийг УИХ-ын гишүүн П.Мөнхтулга уландаа гишгэх боллоо гэж тус намын зарим гишүүд ундуйцжээ. Түүний эрээ цээргүй үйлдэл удаа дараа үйлдэгдэж, эцэстээ “Тамганы хулгайч” болох дээрээ тулсан уу гэх асуулт урган гарч буй гэнэ.
Үүсээд буй асуудлын учгыг ухаад үзвэл, энэ сарын 15-ны /2024.08.15/ өдөр УИХ-ын гишүүн П.Мөнхтулга Суварга Хайрханы тахилгад оролцох нэрээр Архангай аймагт очжээ. Түүнийг очих үед аймгийн АН-ын дарга М.Гүрсүрэн эзгүй байж таарсан ч “Намын байраар ороод гаръя” гэх нэрийдлээр түлхүүрийг нь аймгийн намын хорооны гишүүн Д.Х гэгчээр дамжуулан авчээ.
Улмаар намын дарга М.Гүрсүрэнгийн тамгыг “хулгайлуулж”, удалгүй намын хорооны хурлыг хууль бусаар зарлан хуралдуулсан байна. Тодруулбал, энэ сарын 21-ний өдөр /2024.08.21/ Архангай аймгийн АН-ын хорооны хурлыг Улаанбаатар хотод /Цонжинболдогт/ хууль бусаар хуралдуулсан байна. “Хууль бус” хэмээн тодотгосны учрыг одоо сийрүүлье.
Нэгдүгээрт, Аймгийн намын хорооны хурлыг зарлах эрхтэй субьект УИХ-ын гишүүн биш бөгөөд зөвхөн намын дарга эсвэл намын хорооны тэргүүлэгчид байдаг.
Хоёрдугаарт, Намын хорооны гишүүдийг хууран мэхлэх замаар буюу “Архангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдийн нэрийг барин талархлын хүлээн авалт хийх утгатай урилга илгээж, Улаанбаатарт ирүүлсэн” ч уг чанартаа Намын хорооны хурлыг хийсэн нэр зүүж, тэдний гарын үсгийг авах атгаг санаа агуулсан байна.
Гуравдугаарт, Дүрэм, журмаараа бол аль ч бүс нутгийн намын хорооны хурал тухайн орон нутагтаа хийгдэх ёстой атал ийн Улаанбаатарт хийхээр завдсан уг үйлдэл нь Аймгийн намын даргын тамганы төлөө юу ч хийхээс буцахгүй улангассан дайрч буйн тод илрэл юм.
Хууль тогтоох дээд байгууллагад ард иргэдээ төлөөлөн суухаар сонгогдов уу, үгүй юу ийн дураар авирлаж, дунд чөмгөөрөө жиргэж буй этгээд П.Мөнхтулгын үйлдлийг юу гэж ойлгох вэ. “Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул” гэдэг юутай үнэн. УИХ-ын гишүүн болов уу, үгүй юу хууль ёсыг умартаж, бүхнийг өөрийн хүслээр захирах гэсэн болчимгүй үйлдлүүд нь Архангай аймгийн АН-ын 10 мянган гишүүний дургүй, зэвүүг зэрэг хүргэж буйг “Хэргийн эзэн, хэнгэргийн дохио” өөрөө мэдэж байгаа болов уу.
Архангай аймгийн АН-ын гишүүнээс ирүүлсэн мэдээлэл