ЖДҮ, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, Нүүрсний хулгай, Ногоон автобусны гээд авлига албан тушаалаа урвуулан ашигласан, татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшсан “хэргүүд”-д нэр холбогдсон албан тушаалтнуудын “гэмт хэрэг”-ийн чанартай үйлдлүүд тэгсгээд хууль шүүхээр шалгагдаж байгаа нэрээр замхараад алга болдог жишиг манай улс оронд тогтоод удаж байна.
Иргэд сонгогчид ч сошиал элдэв ховд автаж, өнөөх “авлигачид”-ын хэргийг тэгсгээд мартдаг, мартдагч гэж дээ зориуд “мартагнуулдаг” гэмээр технологи явах болсон. Цагаан захтай авлигачид буюу “мэдээлэлд ойр байгаа байдал, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал бий болгосон авлигын “гэмт хэрэгтнүүд” өнөөх “завшсан мөнгөө” ББСБ, барилга орон сууц, ХАА-н салбарт оруулан эргэлдүүлж, арвижуулан эргээд улс төрд орох гүүр шат болгодог болсон нь нууц биш болжээ.
Зарим нь бүр ЖДҮ-ээс зээл авсан хэрэг чинь 10 жилийн өмнөх явдал, одоо надад хамаагүй гэж хэлээд, УИХ-ын сонгуульд нэр дэвшээд гишүүн болчих жишээтэй. Зүй нь төрд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарад бүхий этгээдүүдэд давуу тал бий болгож, ЖДҮДС-аас их хэмжээний зээл авсан нь үнэн бол зээлээ эргүүлэн төлснөөр, олон жил өнгөрснөөр хариуцлагаас мултрах төдий биш “иргэд сонгогчидоосоо уучлалт хүсэж, улс төрөөс нэг мөр холддог, иргэд сонгогчид ч түүнийг дахиж дэмждэггүй байх” тийм эрүүл тогтолцоо улс төрчд үйлчлэх ёстой.
Харамсалтай нь манайд бол “цагаан захтай авлигачид” улам бүр “барьцаа ахиулж”, бидний толгой дээр гарч, шийдвэр гаргах түвшинд ажиллаж, ахиад л төрөөс, төсвөөс “идэх уух”-ын төлөө улайран зүтгэх болжээ...
Ийм нэг жишээг дурьдая. Ногоон автобусны хэргийг хүн бүр санаж байгаа. Нийслэл хотын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийх зорилгоор Засгийн газраас нийслэл хотод, тодруулвал Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатарын захиран зарцуулах “эрх”-д 318 тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг. Мань сайд Ж.Сүхбаатар нь өөрийн шавь болох Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирал Ч.Батзориг, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван, өөрийн томилуулсан хүн болох Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар нартай “хуйвалдан”, бусдад давуу байдал бий болгон ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр “Тэнүүн огоо” ХХК-д 1345 тэрбум төгрөгийг шилжүүлж, “Тэнүүн огоо” ХХК нь шинэ автобус хэмээн технологийн бус аргаар угсарсан “хуучин” автобус оруулж ирж, Сүхбаатарын талбай дээр иргэдэд танилцуулснаар алдарт “Цавчаа ногоон авбусны хэрэг” олонд ил болсон. “Цавчаа ногоон автобусны хэрэг”-ийн шүүх хуралд одоо ч эцэслэн таслагдаагүй он дамжин үргэлжилсээр байна.
Энэ хэрэгт холбогдуулан Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын нэр бүхий хүмүүсийг шалгаж байгаа боловч Ж.Сүхбаатарын баруун гар явсан, Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирал Ч.Батзориг “уснаас хуурай” гарчихсан, шалгагдаагүй явж байх юм. Зүй нь бол энэ хүнийг шалгах ёстой. Учир нь тэр ногоон автобустай холбоотой хэргийг мэдэхийн сайнаар мэдэх хүмүүсийн нэг. Мань Ч.Батзориг ногоон автобусны хэргийн дараа ажлаа өгчихөөд, тэр үед Хууль зүйн сайдаар томилогдон ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай сүрхий шадарлаж нөхөрлөсөн аж. “Нөхөрлөсөн” ч гэж дээр өөрийн нь хуулийн багш нарын нэг болох Б.Энхбаяртай уулзаж, “ногоон автобусны асуудлаа аргалуулсан” юм биш биз гэж хардах үндэслэл төрж байна.
Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирал асан Ч.Батзориг 6 сард болсон УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаярын сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаад, өдгөө Б.Энхбаярын дэмжлэгтэйгээр орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүргээс НИТХ-д нэр дэвшин өрсөлдөж, НИТХ-ын төлөөлөгч болж, улмаар Баянзүрх дүүргийн Засаг дарга болно гэсэн тохироог Б.Энхбаяртай хийчихсэн гээд аархаж байна гэх.
Үүнийг нотлох мэт тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаараа Б.Энхбаярын бүхий л үйл ажиллагааг шэйрлэх аж. Ч.Батзоригийн хувьд ногоон автобуснаас гадна өөрийн хамаарал бүхий “Эм Ти Юу” гэх компанийг Их багтаамжийн авто зогсоол барих 7.0 тэрбум төгрөгийн өртөгтэй төсөлд шалгаруулсан гэх хэл ам гарсан ч ч түүнийг ямарч байгууллагаас шалгалгүй орхисон. Мөн Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн төсвөөс “Ай Си Ти групп” ХК-д Замын хөдөлгөөний хураамж зорчилтыг хянах зөвлөх үйлчилгээний төлбөр нэрээр 388 сая, 194 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн, Гранд хан айриш паб-д 6.0 сая төгрөгийг хуулийн хэлэлцүүлэг хийсэн нэрээр шилжүүлсэн асуудлыг ч шалгах учиртай.
Ажил албан тушаал эрхэлж байхдаа төсвийн мөнгийг шамшигдуулсан, авлига албан тушаалын асуудалд нэр холбогдсон байж болзошгүй Ч.Батзориг гэдэг нөхөр өдгөө Баянзүрх дүүргийн иргэдийг нийслэлд төлөөлнө, цаашлаад Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын дэмжлэгтэйгээр Баянзүрх дүүргийн Засаг дарга болно гэдэгтээ бат итгэчихсэн явж байх юм. Товчхондоо “авлигаар олсон байж болзошгүй” мөнгөөрөө албан тушаалтнуудыг “услан”, тэднээр дэмжүүлэн, та бидний толгой дээр гарч суух гээд явж байхыг Баянзүрх дүүргийн сонгогч та зөвшөөрөх үү?
Эх сурвалж: Serune.mn