ХӨГЖЛИЙН БАНК ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖИЛД

ХӨГЖЛИЙН БАНК ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖИЛД

Энэ бол эрчим хүчний салбар. Эрчим хүчний хэрэглээг МВт-аар тойм хэмжиж болдог. Манай улсын хэрэглээ оргил үедээ 1700МВт хүрдэг ч өөрсдийн үйлдвэрлэх дээд хүчин чадал нь одоогоор 1300МВт орчим байна. Үүнээс “ДЦС-4” 700МВт, “ДЦС-3” нь 200МВт орчим, бусад жижиг станцууд 100 орчим МВт-ыг үйлдвэрлэж, үлдсэн хэрэглээгээ хойд хөршөөс авдаг. Оюутолгойн уурхайд шаардлагатай 250-300МВт орчим хэрэглээг урд хөршөөс авдаг, хэчнээн их доллар. 

Эрчим хүчний салбар хүлэмжийн хийн хамгийн том үйлдвэрлэгч. Хүлэмжийн хийгээс үүдэлтэй дэлхийн дулаарал манай улсад дунджаас илүү хурдацтай явагдаж байгаа. Агаарын дундаж температур 1.5 хэмээр нэмэгдсэн бол манай улсад 2.1 хэмээр дулаарсан гэсэн тооцоо гарсан. Үүнийг сүүлийн хэдэн жилийн үер ус, зудын гамшиг харуулж буй. Судалгаа шинжилгээний дүн харахгүй ердийн нүдээр харахад ч манай орон сүүлийн хэдэн жилийн турш өвөл, зун гэж улиралгүй хавар намар гэсэн хоёрхон улиралтай мэт болсныг бүгд мэдэрч байгаа. Гэвч нөгөө талд хотжилт, хүн амыг дагасан эрчим хүчний хэрэглээ өссөөр байгаа энэ үед дэлхий дахинд эрчим хүчний хөгжил нүүрсэнд түшиглэж биш, ногоог, цэвэр эрчим хүчний чиглэлд хөгжиж буй. Манай улс нүүрсээр баян ч дэлхийн эрчим хүчний хөгжил нүүрсээр цахилгаан гаргахын эсрэг зүгт явж байна. Ийм учраас манай улс эрчим хүчний хомсдолоо хэрхэн шийдэх вэ гэдэг хүндхэн бодлого юм.

Цахилгаан хязгаарлалт хэзээ дуусах вэ?

Өнгөрсөн өвлийг бид 1990-ээд оны эхэн үе шиг цахилгааны хязгаарлалттайгаар хүндхэн давлаа. Эрчим хүчний төслүүд хувийн санхүүжилтээр шийдэхэд хүндрэлтэй, ашиг олоход төвөгтэй салбар юм. Тиймээс ч өдийг хүртэл томоохон цахилгаан станц баригдсангүй. Харин Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр хэд хэдэн төсөл хөдөлгөв. Тодруулбал, 35 сая доллароор “ДЦС-3” -ын 50МВт-ын өргөтгөл, 76 сая доллароор Амгалан дулааны станц, цаашлаад 45.9 тэрбум төгрөгөөр тус станцын 50 МВт-ын өргөтгөл, “ДЦС-4”-ийн 70 сая ам.долларын санхүүжилтээр 123МВт-ын турбогенераторыг шинээр суурилуулсан мөн 77.5 сая еврогийн санхүүжилтээр турбоагергатын 89 МВт-ын өргөтгөл, 420 сая юанийн санхүүжилтээр Дорнодын ДЦС-ын 50МВт өргөтгөлүүдийг бариад байна. 

Эдгээр төслүүдийг санхүүжүүлснээр өнөөдөр дутагдах байсан эрчим хүчний томоохон хэрэгцээг шийдээд байгаа юм. Тухайлбал, Чойбалсангийн дулааны цахил­гаан станцыг 50МВт-аар өргөтгөх төсөл хэрэгжсэнээр  Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн 36 сумыг эрчим хүчээр хангаж, Төвийн бүсийн эрчим хүчний системд 18МВт-ын цахилгааны хэмнэлт бий болох нөхцөлийг бүрдүүлэв. Түүнчлэн Цайрт-Овоо, Петрочайна дачин тамсаг, Цайрт Минерал зэрэг зүүн бүсэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн 15 том компанийг найдвартай эрчим хүчээр тогтвортой хангаснаар импортоор авдаг байсан 30 МВт орчим цахилгаан эрчим хүчийг дотоодоос хангах боломжтой болоод байна.

“ДЦС-4”-ийн 89МВт-ын шинэчлэлийг мөн онцлох хэрэгтэй. Шинэчлэл хийгдсэнээр тус станцын суурилагдсан хүчин чадал 789 МВт-д хүрсэн. Ингэснээр ОХУ-аас авдаг импортын цахилгаан эрчим хүч 100-120 МВт-аар багассанаас гадна энэхүү өргөтгөл нь 10 аймгийг цахилгаан эрчим хүчээр хангах, Улаанбаатар хотын 18,000 айл, өрхийн 150 гаруй орон сууцыг дулааны эрчим хүчээр хангах хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх хүч нэмэгдсэн. 

Хэрэв Хөгжлийн банкнаас эрчим хүчний салбарын төслүүдийг санхүүжүүлж, эдгээр төслийг урагшлуулаагүй бол энэ салбар өнөөдөр бүр ч хүнд нөхцөлд орох байсан биз. 

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль эрх зүйн шинэчлэл хийснээр цаашид импортыг орлосон экспортын томоохон төслүүдийг санхүүжүүлж, улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж ажиллах нөхцөл бүрдүүлж, цаашид байгаль орчинд ээлтэй төслүүдийг санхүүжүүлэхээс гадна экспортыг дэмжсэн Эксим банкны чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтой.

Тогтвортой санхүүжилт

Дэлхий даяараа шатмал түлшнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих тренд явж байна. Хэдий манай улсын хувьд эрчим хүчний хомсдолтой байгаа энэ үед шууд дан ганц сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх боломж хомс, гэвч урт болон дунд хугацаанд дэлхийн трендийг барихаас аргагүй. Учир нь гаднын зээл, санхүүжилт ногоон эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд түлхүү олгогдож, нүүрс, шатмал түлшээр ажилладаг цахилгаан эрчим хүчийг дэмжихгүй байх чиглэлтэй болжээ. 

Одоогоор Moody’s Ratings Монгол Улсын хөгжлийн банкны Тогтвортой санхүүжилтийн бодлогын бичиг баримтыг “Сайн” гэж үнэлээд буй нь цаашид гаднаас санхүүжилт татах өргөн боломжийг харуулж буй хэрэг. Хөгжлийн банк Тогтвортой санхүүжилтийн чиглэлээр олон улсын стандартад нийцсэн үндсэн баримт бичигтэй болсон гэсэн үг. Ногоон бонд, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн төслүүдэд олон улсаас бонд, санхүүжилт олгогдох боломж өндөр. Арваадхан жилийн өмнө, 2013 онд олон улсын санхүүжилтээр 11 тэрбум долларын ногоон бонд гарч байсан бол өдгөө хэмжээ 40-50 дахин өсөж 445 тэрбум долларт хүрчээ. Хөгжлийн банк тогтвортой санхүүжилтийн хүрээгээ баталгаажуулснаар энэ санхүүжилтээс эх үүсвэр татаж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд түлхэц өгөх томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломж бүрэн дүүрэн байна. Хөгжлийн банкны зээлийн багцын ногоон зээлийн хувь хэмжээ 2023 оны байдлаар 5% орчим байгаа юм. Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалтыг нэмэгдүүлэх, усны хэмнэлттэй эко цементийн үйлдвэр, хог хаягдал дахин боловсруулах, малын гаралтай органик бордоо үйлдвэрлэх, цахилгаан автобусаар парк шинэчлэх зэрэг төслүүд үүнд багтана. Энэ хувь хэмжээг 2030 он гэхэд 15 хувь хүртэл нэмэгдүүлэхээр Хөгжлийн банк зорин ажиллаж байна.