“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ОНЦЛОХ АЖЛУУД

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ОНЦЛОХ АЖЛУУД

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд 2024 оны эхний хагас жилд  томоохон төслүүд ашиглалтад орж, компанийн үндсэн үзүүлэлт нэмэгдэж өмнөх амжилтаа давуулан биелүүлсэн цаг хугацаа байлаа.  Өмнөх оны эхний хагас жилд 11.9 сая тонн нүүрс олборлож, 12.3 сая тонн нүүрс борлуулж байсан бол энэ оны эхний хагас жилд 17.1 сая тонн нүүрс олборлож, 16.8 сая тонн нүүрс борлуулж өмнөх оны мөн үеийн үзүүлтээс 30-40 хувиар давуулан биелүүллээ. 

Компани өнгөрсөн онд 3.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж 2.8 их наяд төгрөгийн татвар төлж байсан бол энэ оны эхний хагас жилд улсын төсөвт  2.0 их наяд төгрөгийн  татвар төвлөрүүллээ.   

Эхний хагас жилд 27 удаагийн цахим арилжаагаар 10.8 сая тонн нүүрс худалдаалав

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны эхний хагас жилийн байдлаар  Монголын Хөрөнгийн Биржээр 27 удаагийн нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгуулж, 1.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй 10.8 сая тонн нүүрсийг биржээр худалдааллаа.
Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй нүүрсийг хил нөхцөлөөр борлуулах, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Биржийн арилжаа 2023 оны хоёрдугаар сард эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК нь нийт 95 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.5 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 20.9 сая тонн нүүрсийг үнэ өсгөх зарчмаар биржээр арилжаалаад байна.

 

Баяжуулах үйлдвэрийн анхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилт, тохируулгын ажлыг эхлүүлэх нээлт боллоо 

"Эрдэнэс Тавантолгой" ХК стратегийн ач холбогдол бүхий томоохон 10 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн нэг болох Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2022 онд эхлүүлж төслийн эхний шат болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийн анхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилт, тохируулгын ажлыг эхлүүлэх нээлтийн арга хэмжээг 2024 оны зураадугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа. 
Нүүрс баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор “Эрдэнэс Тавантолгой” ХК жилд дунджаар 24 орчим сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, 1.9 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, улс болон орон нутгийн төсөвт татвар, төлбөр хэлбэрээр нийт 185.8 сая ам.долларыг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй юм. 
Мөн төсөл хэрэгжсэнээр улс орны болон бүс нутгийн нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжиж 472-928 шууд ажлын байрыг шинээр бий болгож, экологийн сөрөг нөлөөллийг бууруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.