Нийтийн дуучдын шинэ уран бүтээлээ олонд хүргэх хамгийн том талбар бол цахим ертөнц болоод байгаа билээ. Магадгүй энэ нь ч бодлогын хувьд зөв байх. Хэн гэдэг дуучин ямар уран бүтээл шинээр хийсэн байна. Хэний дуу гоё дуу байна гээд л бүгд сонсдог. Ойрын өдрүүдэд энгийн атлаа нэг л сэтгэл дотно дуу цахимд тавигдсан нь олон хүний талархлыг хүлээгээд байгаа билээ. “Миний эжий урт наслаарай” нэртэй энэ шинэхэн уран бүтээлийн эзэн бол Дуучин Энхжаргалын Цэнгэлмаа. Ингээд түүнтэй хэсэгхэн хором хөөрөлдсөнөө уншигч танд хүргэе.
-Сайхан уран бүтээл төржээ. Ээжийн дуу бүхэн сэтгэлд ойр гэхдээ “Миний ээжий урт наслаарай” дуу энгийн атлаа маш их утга агуулсан санагдлаа.Дуу бүтсэн түүхээсээ хоёулаа яриагаа эхлэх үү?
-Миний ээж урт наслаарай...гэдэг үгэнд ямар их хайр, энэрэл багтдаг юм бэ гэдгийг энэ дууныхаа үгээс би олж харсан. Хүн чинь эцэг эхээ хөгшрөх тусам сэтгэлийнхээ далдаас л ямар нэгэн зүйлээс харамлаж эхэлдэг. Хором мөч бүхэнд л хамт баймаар санагддаг. Шууд хэлэх юм бол ээж минь нас дээр боллоо үхчих вий дээ гэсэн айдас төрдөг. Энэ айдсаас болоод илүү их хайрламаар санагддаг. Энэ дуу минь тийм л утга санааг агуулсан үгтэй.
-Ээжийн тухай уран бүтээлүүд их олон. Дуучин бүхэн л ээжээ дуулсан байдаг. Зарим нь яагаад сэтгэлд хүрдэггүй юм бол?
-Дуучин гэж хэлэхээсээ илүүтэйгээр энэ орчлонд ээжгүй хүн үгүй. Ээжийн хайр өөрөө аугаа. Ээжийн тухай уран бүтээлийн хувьд заримдаа хэт их хийсвэрлээд, гоё үг, ганган хоосон, хөөсөн үг хэрэглээд байгаа байх. Тиймээс энгийн эгэл сэтгэлд хүрсэн ээжийн тухай дууны яруу найраг ховордсон юм уу даа.
Алган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн...гээд аялаад үз дээ. Ямарч илүү дутуу чимэг зүүсгэлгүй ч гоё байгаа биз. Би ийм л энгийн байхыг хүссэн. Энгийн амьдралыг дуулахыг хичээсэн.
Мөнгөн хяруу цайраад байна аа
Мөнхөд удаан наслах биш дээ
Үртэй хүний жаргалыг амсуулж
Үгийн сайхнаар ерөөж амьдаръя аа
Миний ээж урт наслаарай
Ерөөлийн ерөөж амьдаръя аа...Миний дууны үг ийм л энгийн гэхдээ нэг л сайхан зөв ухааралтай.Тэгээд л би дуулсан.
-. Шинэ уран бүтээлч нарыг анзаараад байхад дандаа л хит болсон хуучин уран бүтээлүүд эхэлж дуулдаг. Түүгээрээ менежмент хийх гэж оролддог юм шиг санагддаг.
Таны уран бүтээлүүдийг анзаараад байхад бусдын дуулсан дууг дуулаагүй байдаг. Үүнд ямар нэгэн шалтгаан байна уу?
-Тухайн уран бүтээлчийн л сонголт. Тэр дуучин ямар дуу дуулахыг хүсэж байна түүнийгээ л дуулах нь зөв байх. Миний хувьд би дуучин хүн. Би ямар нэгэн нэр алдарт хүрэхийг хүсээгүй. Зүгээр л сайхан уран бүтээлээ зон олондоо хүргэхийг хүсдэг. Энэ ч утгаараа би өөрөө үгийн эрэлхийлэл хийдэг. Дуулах гэж байгаа дууныхаа үгэнд өөрийнхөө түвшинд хэмжүүр тавьдаг. Бас шинэ дуу бүтээдэг. Шинэ уран бүтээл гэдэг миний л юм. Дууны урлагийн гүүр байх ёстой би. ТИймээс хэн нэгний бүтээсэн гүүрээр алхахыг хүсдэггүй. Харин миний бүтээсэн гүүрээр хүмүүс алхаасай гэж хүсдэг.
-Таны уран бүтээлд ганцаардал харуусан байхгүй юм шиг санагддаг?
-Маш олон хүн ганцаардсан гонгиносон, харамссан шаналсан сэдэвтэй дуу дуулж байна. Энэ сэдэв надаар дутахгүй. Тэгээд ч би хүмүүст сайн сайхныг түгээхийг хүсдэг. Миний дууг хана налаад ганцаардаж байгаа хүн дуулахгүй, тийм орчинд миний уран бүтээл зохихгүй.. Би бол Цэнгэлмаа. Цэнгэлмаа өөрийн гэсэн өнгө төрхтэй. Цэнгэлмаа өөрийн гэсэн сэдэвтэй дуучин байхыг хүсдэг.
-Залуу уран бүтээлч олны танил болоход заавал хэн нэгний дэм тусламж хэрэгтэй байдаг гэдэг дээ. Мөн санхүү ч чухал. Үүнээс салаалаад маш олон сэдэв ярьдаг. Та яг ямар замаар явж байгаа уран бүтээлч үү?
- Уучлаарай. Би хэн нэгний хэтэвч, өвөрт орохооргүй бардам хүн. Урлагийнхныг яг энэ сэдвээр их гоочилдог. Та ч тийм утгаар асуучих шиг боллоо. Би хүний хэтэвч өвөрт ордог бол ханийхаа л хэтэвч өвөрт орно. Тайз гэдэг ариун зүйл. Дуучин гэдэг эрхэм алдар. Би олны танил болох гээгүй. Би дуучин л байхыг хүсдэг, мөрөөддөг. Энэ л замаараа өөрийнхөөрөө яваа.
-Гэр бүлийн хувьд?
- Сошиал ертөнц намайг нөхөргүй гэж боддог юм шиг байгаа. /Инээв/ Янз бүрийн чат ирнэ. Янз л бүрийн хүмүүс найзын хүсэлт явуулна. Энэ тийм их хүнд ярих ч зүйл биш байх. Бас тэр хүмүүсийн буруу биш байх. Хөөрхий дөө миний хань заримдаа юм боддог л байх. Гэхдээ би ханьдаа итгэдэг шиг миний амьдралд дэл сул юм байхгүй. Бид хоёр уран бүтээлч. Бас хүүхдүүд минь ч их зөв өнгө аястай өсөж байгаа. Яруу найрагчийн гэргий байна гэдэг хэцүү гэдэг шиг дуучны нөхөр байх заримдаа хэцүү санагддаг биз. Миний амьдрал сэтгэл итгэл хоёроор баян. Би ханьдаа хайртай. Энэ хорвоогийн бүх хүн дундаас өвдгийг нь дэрлэх гэж бууралтсан үстэй магнайг нь илбэх л гэж би ханьтайгаа учирсан. Би хаана ч явсан ханийхаа гараас хөтөлж явдаг. Яагаад гэвэл би ханьдаа тийм том итгэдэг, тийм их хайрладаг учраас. Миний хань миний мэнгэнд хүртэл хайртай. /Инээв/
-Таны сэтгэлийг нисэх, бүжих дуртай гэж нэг хүн тодотгосон байдаг. Энэ үнэн үү?
-Тийм шүү би бүжих газраа бүжиж, нисэх газраа нисэж чаддаг эмэгтэй. Би сэтгэлийн уй гуниг зовлонг үүрээд шуудай чирээд явж чадахгүй. Гоё шүү дээ. Хүн зөв байх л чухал болохоос. Нисэх, бүжих бол гоё шүү дээ.
-Таны хувьд аз жаргал гэж ?
-Миний гэр бүл. Миний амьдарч буй орчин. Миний зорилго. Үүнээс илүү аз жаргалыг би мэдэхгүй.