Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үерийн улмаас багагүй хохирол учирсан. Тиймээс Геодези, усны барилга байгууламжийн газраас 2024 онд нийт 15 байршилд 5137 метр авто замын борооны ус зайлуулах шугам угсарчээ.
Мөн үерийн уснаас хамгаалах шаардлагатай гол байршлуудад шинээр 1.8 км үерийн далан барьсан байгаа бөгөөд үерийн далан нурж эвдэрсэн есөн газрыг засварлаж байна.
Улаанбаатар хотод 4000 орчим шүүрт худаг байдаг бөгөөд тэдгээрт лаг цэвэрлэгээг 2-3 удаагийн давтамжтай хийж, борооны усыг саадгүй урсгаж гаргах нөхцөлийг бүрдүүлж байгаа билээ. Түүнчлэн 2024 онд авто замын борооны ус зайлуулах 225 шүүрт худаг, 57 үзлэгийн худгийг шинээр барьж ашиглалтад оруулсан аж. Нийт 655 шүүрт худгийг засварлаж нөхжээ.
Одоо байгаа үерийн далангуудын 46 байршилд 67.2 мянган тонн лаг хагшаас цэвэрлэж, цаашдаа нийслэл хотыг үерийн аюулаас хамгаалахад онцгойлон анхаарч ажиллаж байна.