Хотын гол болон туслах замын цэвэрлэгээнд өнгөрсөн шөнө 500 гаруй албан хаагч, 100 орчим техник хэрэгсэлтэй ажиллаж, 425 тонн давс, 83 тонн бодис цацаж, цэвэрлэжээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү болон холбогдох албаны хүмүүс тухайн байршлуудад ажилласан байна. Өнөөдрийн байдлаар замд дагтаршсан цасыг түрэх, давс бодис цацах ажил үргэлжилж байгаа юм.
Тэгвэл Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү хэлэхдээ “Аравдугаар сарын 20-ны өглөө цас орсноос хойш нийт 33 байгууллагын 1000 гаруй ажилчид 217 техник хэрэгслээр гудамж талбайн цасыг цэвэрлэж байна. Халтиргаа гулгаатай нөхцөлд авто замын түгжрэл их үүссэн учраас том техникүүдээр давс, бодис өдрийн цагаар цацахад хүндрэлтэй байсан. Тиймээс өнгөрсөн шөнө түлхүү давс, бодисуудыг цацаж ажиллалаа. Мөн халтиргаа ихтэй газруудад хайрга, давс, элс шороог байршуулсан. Ялангуяа хот руу орох гарах томоохон даваануудад элс, шороо, хайрга, давс зэргийг савлаж байршуулсан. Энэ бэлтгэлийг цас орохоос долоо хоногийн өмнөөс хийсэн. Тийм болохоор жолооч нар халтиргаа гулгаа ихтэй өгсүүр газрууд болон хотын ойрхон даваа гүвээний ойролцоо байршуулсан давс, хайрга, элс, шорооноос өөрсдөө аваад хэрэглэж болно” гэв.