Нийслэлд 2022 оны аравдугаар сарын 1-нээс 52 стандартыг мөрдүүлж эхэлсэн байдаг.
Үүний нэг нь гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага юм. Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний чиглэлээр 18600 аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Гэвч үүний 70 гаруй хувь нь гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлагыг хангаагүй гэсэн судалгаа гарчээ. Үүнд хаягжилтаас гадна орчны тохижилт ч хамаарна. Тэгвэл нийслэлээс стандартыг мөрдүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулж ажиллахаар болжээ.
Энэ талаар ХБХСГ-ын Худалдаа үйлчилгээний стандарт хариуцсан ахлах мэргэжилтэн П.Мөнхзаяа ярихдаа “Гадна хаяг, зар сурталчилгаатай холбоотой иргэдээс ирж буй гомдлын ихэнх хувийг гадаад хэл дээр бичсэн хаягжилт эзэлдэг. Мөн хаягжилтын хэмжээ хэтэрсэн зөрчил дийлэнх хувийг бүрдүүлж байна. Түүнчлэн өнгөрсөн оноос нийслэл хот 74 үйлчилгээнд тусгай зөвшөөрөл олгохоо больсноос хойш энэ төрлийн стандартын зөрчил нэмэгдсэн. Бизнес эрхлэлтийг дэмжиж байгаа хэдий ч стандартын шаардлагыг хангахыг мөн адил шаардаж байгаа.
Энэ хүрээнд бид нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Хяналт шалгалтын газартай хамтран гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна. Эхний ээлжид Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт тодорхой гудамж, замыг сонгон хаягийн шинэчлэлтийг хийлгэж эхэлсэн. Цаашид уг ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” гэв.