Нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээ 10,000 ам доллар болох нь 2025 оны төсвөөс хамаарна
Засгийн газраас боловсруулсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн үзүүлэлтийг 2025 оны төсвийн нийт эх үүсвэр 35.8 их наяд төгрөг, урсгал зардал 24.5 их наяд төгрөг, хөрөнгө оруулалтын зардал 4.3 их наяд төгрөг, Тогтворжуулалтын сан 608.9 тэрбум төгрөг, Үндэсний баялгийн сан 2.4 их наяд төгрөг байхаар тооцжээ.
2025 оны төсвийг төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлж чадвал, эдийн засгийн өсөлт 7-8 хувь болж, экспортын орлого 19.0 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, өрхийн бодит орлого дунджаар 15 хувиар өсөж, бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэх, 35.0 мянган ажлын байр шинээр бий болно гэсэн тооцооллыг Засгийн газар гаргасан.
Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 4,000 ам.долларт 2010 оны үед хүрсэн. Түүнээс хойш өгсөж чадалгүй 10 гаруй жил гацав. Харин КОВИД-19 цар тахлын дэгдэлтийн дараах эдийн засгийн сэргэлт ДНБ-ны өсөлтийг хурдасгаж байна.
Үүний гол шалтгаан нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зарим бодлого нөлөөлж буйг эдийн засагчид онцлох болжээ. Тухайлбал боомтын нэвтрэх хүчин чадал сайжирч, эрдэс баялгийн салбарын далд эдийн засаг ил болж, аялал жуулчлалаас олох орлого нэмэгдэх болов. Үүний үр дүнд жил бүр эдийн засаг 5 хувиас дээш өсөж байна. Үр дүнд нь ДНБ-ний нэг хүнд оногдох хэмжээ 2023 онд 6,000 ам.доллар, 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6,800 ам доллар болох хүлээлт үүссэн. Энэ нь Монгол улсын ДНБ-ний хэмжээ 79.2 их наяд төгрөг болох боломж юм.
Дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 3.3 хувь орчимд хадгалагдах бол манай бүс нутгийн хэмжээнд эдийн засаг 5.1 хувиар өсөх төлөв байна.
Монгол Улсын эдийн засгийн 2025 оны өсөлтийн төсөөллийг Дэлхийн банк 4.8 хувь, Олон улсын валютын сан 4.1 хувь гэж тооцож гаргасан. Харин Монгол улсын Засгийн газар төсвийн төсөлдөө 5-7 хувийн өсөлтийг үүсгэж чадна гэж үзэв.
Мэдээж бид эрсдэлийг тооцох учиртай. Гэхдээ хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн 5-аас доошгүй төсөл 2025 оны төсвийн жил эхэлж чадвал 2025 оны эцэст ДНБ 95.0 их наяд төгрөгт хүрнэ гэсэн төсөөлөлтэй байгаа гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы танхимд хэд хэдэн удаа дурдсан билээ.
Мөн 2026 онд багтаж 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 он гэхэд ДНБ-ний хэмжээ 132.3 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.долларт хүрэх бодит боломж байна гэсэн амлалтыг ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд буй.
Дээрх амлалт, эсвэл тооцоолол бодит болох эсэх нь 2025 оны төсвийн төслөөс шууд хамаарна. Өнөөдөр УИХ-аар хэлэлцэж байгаа төсвийн төслийг задлах, жижиглэх, жиргэх зэргээр утгыг нь алдагдуулах юм бол дээрх тооцоолол үлгэр болоод дуусах эрсдэлтэй. Төсвийн тухай хуулийг яаж, хэрхэн батлах нь гишүүдийн бүрэн эрх. Гэхдээ тойрог гэдэг үзлээр 5 тэрбум төгрөгийг тусгах гэж улайрч буй гишүүдийн хувьд угтаа улсын хөгжлөө хойш нь татах эрсдэлтэй. Аймаг бүрт 10 тэрбум гэж дурдагдаж буй мэт боловч үнэн хэрэгтээ цаад талаараа хортой юм. Сайдын багц гэгчид буй мөнгө нь буурч, хэрэгжүүлэх том төсөл хөтөлбөр нь хойшлох эрсдэлтэй түүр тулна. Иймээс л тойргийн төсөв биш бүсчилсэн хөгжлийн төсвөө нэгдүгээрт бодож 2025 оны төсвийн төслийг батлах нь улс оронд хэрэгтэй байж мэднэ.
ээлжих зэрэглэл “В+” тогтвортой түвшинд хүрч, нэг хүнд ногдох Үндэсний нийт орлогоор Дэлхийн банкны ангиллаар дунджаас дээгүүр ангилалд шилжиж, хамтарсан Засгийн газар байгуулагдан хөгжлийн томоохон төслүүдийг хөдөлгөхөөр зарласнаас хойш төсөөллөө ахиулж зургаа болон түүнээс дээш хувь байхаар тооцооллоо шинэчилж, энэхүү төсвийн хэлэлцүүлгийг анхаарал тавин ажиглаж байна. Нэг үгээр хэлбэл, хөрөнгө оруулагчид биднийг харж байна.