Энэ жилийн “ЧИНГИС ХААН“ одонг НҮБ-ын ЕНБ-ийн дарга Бан Ги Мүнд олгоно

Энэ жилийн “ЧИНГИС ХААН“ одонг НҮБ-ын ЕНБ-ийн дарга Бан Ги Мүнд олгоно

Жил бүр Монгол бахархлын өдрөөр төр, нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулж, үнэмлэхүй гавьяа байгуулсан иргэн, байгууллагыг төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Тэгвэл энэ жилийн тухайд "Чингис хаан” одонгоор НҮБ-ын найм дахь ЕНБД БНСУ-ын иргэн Бан Ги Мүнийг шагнахаар болсон тухай ЕТГ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ. Тэрбээр "энэ жилийн "Чингис хаан" одонгоор нэгдүгээрт Монгол Улсынхаа хөгжил цэцэрлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэнийг, хоёрдугаарт, дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэнийг шагнаж алдаршуулан Чингис хааныхаа нэр алдрыг дэлхийд дуусгаж байхаар холбогдох хууль, тогтоомжоор шийдвэрлэсэн. Үүнийг дагуу энэ жил дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан НҮБ-ын найм дахь ЕНБД Бан Ги Мүнийг "Чингис хаан" одонгоор шагнахаар шийдвэрлэлээ. 

БАН ГИ МҮН ГЭЖ ХЭН БЭ?

Бан Ги Мүн нь 1944 оны зургаадугаар сарын 13-нд БНСУ-ын Чунжуд төрсөн. НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга юм. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болохоосоо өмнө мэргэжлийн дипломатч байсан бөгөөд БНСУ-ын Гадаад харилцаа, гадаад худалдааны яаманд ажиллаж байв.

2006 оны аравдугаар сарын 13-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей түүнийг тус байгууллагын найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон бөгөөд 2011 онд түүнийг дахин таван жилийн хугацаатайгаар томилсон байдаг.

Бан Ги Мүн НҮБ-ын энхийг сахиулах, үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр олон чухал шинэчлэлтийг хийсэн гэдгээрээ олны талархлыг хүлээсэн нэгэн юм. Түүнийг 2016 онд БНСУ-ийн дараагийн ерөнхийлөгч болж магадгүй хэмээн үзэж байсан удаатай.

Тэрбээр 2009 оны долдугаар сард Монгол Улсад албан ёсоор айлчилж байжээ. Түүнчлэн 2019 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Азийн төлөөх Боао форумын бага хуралд оролцохоор, 2023 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ- Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсад тус, тус хүрэлцэн ирж байжээ.