Шалтаг хэлэх боломжгүй шахаанд орсон Л.Оюун-Эрдэнэ

Шалтаг хэлэх боломжгүй шахаанд орсон Л.Оюун-Эрдэнэ

2025 оны төсвийг УИХ баталчихлаа. Тодотгол хийх үүргийг УИХ-аас бас өгчихөв. Урсгал зардлыг 3,6 их наяд төгрөгөөр бууруул гэсэн УИХ-ын нэр бүхий гишүүдийн шахалт шаардлага нь 2025 оны 1 сарын 1 өдрөөс өмнө төсөвт тодотгол хийх болж хувирав. 

Дов, жалга ярьж байгаад хэдэн төгрөгөө гарын салаагаар урсгадаг төсвийг халах алхам нь 2025 оны төсөв. Түүхэнд байхгүй их зардал, бас орлоготой. Орлого нь 33 их наяд төгрөг. Зарлага нь 35 их наяд төгрөг. Алдагдал нь 1,9 их наяд төгрөг. Энэ төсвийг 3,6 их наядаар буурлах хүсэлт нэр бүхий гишүүдэд байна. Хэрэв уг шаардлагад төсөв нийцэх бол 30 их наяд төгрөгт багтах ёстой.  Ийм боломж байгаа юу? Байж болно гэдгийг сая төсөв батлахад гарч ирж хэлэлцүүлэг болсон олон сэжүүр хэлж өглөө. 

Тухайлбал: Т.Энхтүвшин гишүүний хэлж ярьж жишээнүүд. Сангийн сайд Б.Жавхлан төсөвт гишүүдийн тойрогт мөнгө өгөх боломж байгаа гэж хэлсэн гэх дуулиан. Ч.Номин сайдын 18,9 тэрбум төгрөгийн ваучер. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн өөрийн багцаас мөнгө гаргаад нутагтаа зам тавина гэх хийрхэл. УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн Хөьсгөл аймагт байгуулах бяслагны үйлдвэрийн хөрөнгө. 

Нутаг орондоо хэрэг болчих, эдийн засагт өгөөжтэй байна гэхэд эргэлзээтэй олон жижиг, том мөнгө төсөвт шургалжээ. 

Л.Оюун-Эрдэнэ төсвийг жижиглэж уншихгүй. Харин сайд нар нь өөрт нь оногдсон төсөв хэд билээ? Хэрхэн мөнгө зарцуулна гэдгээ хэлж, ярих ёстой. Гэтэл тэгж хэлдэггүй. Харин ар хударгаар нь зарцуулчихдаг юм биш биз гэх хардлага үүснэ. 

2021 онд манай улсын ДНБ-ий хэмжээ 43.6 их наяд төгрөг байсан бол “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд 2023 онд 70.4 их наяд төгрөг болж өссөн. Энэ онд 79.2 их наяд төгрөгт хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрт туссан хөгжлийн 14 мега төслийг амжилттай хэрэгжүүлснээр 2028 онд 132.3 их наяд төгрөгт хүрэх тооцоолол хийсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлж байв.

Монгол Улсын эдийн засгийн 2025 оны өсөлтийн төсөөллийг Дэлхийн  банк 4.8 хувь, Олон улсын валютын сан 4.1 хувь гэж тооцож байсан бол зээлжих зэрэглэл “В+” тогтвортой түвшинд хүрч, нэг хүнд ногдох Үндэсний нийт орлогоор Дэлхийн банкны ангиллаар дунджаас дээгүүр ангилалд шилжиж, хамтарсан засгийн газар байгуулагдсан хөгжлийн томоохон төслүүдийг хөдөлгөхөөр зарлагдсанаас хойш төсөөллөө ахиулж 6 болон түүнээс дээш хувь байхаар тооцооллоо шинэчилсэн байна. 

Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн 5-аас доошгүй төсөл 2025 оны төсвийн жил эхэлж чадвал 2025 оны эцэст дотоодын нийт бүтээгдэхүүн 95.0 их наяд төгрөгт хүрнэ гэж Л.Оюун-Эрдэнэ төсөөлж буй. Хэрэв 2026 онд багтаж 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 он гэхэд Дотоодын нийт бүтээгдэхүүн 132.3 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10,000 ам.долларт хүргэх бодит боломж байна гэж Засгийн газар үзсэн.Энэ итгэл нь өвөрт нь байгаа гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлж байв. 

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10,000 ам.долларт Монгол улс хүрч үзээгүй. Гэвч хүрсэн улс орнуудын хувьд дараах эерэг өөрчлөлтүүд гарсан байдаг.
●Зээлжих зэрэглэл 1-2 түвшин дээшилж, зээлийн хүү 30 хүртэл хувь буурна.
●Гадаадын хөрөнгө оруулалт 1.5 аас 3 дахин өсөж, дэд бүтцийн асуудал шийдвэрлэгднэ.
Шинжлэх ухаан, технологид оруулах хөрөнгө оруулалтын хувь нэмэгдэж, үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдсэнээр эдийн засаг төрөлждөг.
●Чадварлаг хүний нөөц эх орондоо буцан ирж, гадаадын чадварлаг мэргэжилтнүүд тус улсад ажиллаж эхэлнэ.
●Иргэдийн дундаж цалин 60 хүртэл хувь өсөж, өрхийн орлого нэмэгдсэнээр ядуурлын түвшин буурч, төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр засаглалын бүтээмж сайжирдаг.
●Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжил сайжирч, чанартай үйлчилгээ авснаар иргэдийн амьдралын чанар сайжирч, хүн амын дундаж наслалт нэмэгддэг.
Дэлхий дээр хөгжлийн өөр жор, өөр ид шид байхгүй бөгөөд бид алхам алхамаар эдийн засгаа тэлж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээ аль болох ойрын хугацаанд 10,000 ам.доллар түүнээс дээш гаргах учиртай гэж Л.Оюун-Эрдэнэ хүртэл тайлбарласан удаатай. 
2025 оны төсвийг эдийн засгийн суурийг тэлэх дэд бүтцэд зарцуулж, төсвийг тэгшитгэн хуваадаг тогтсон хандлагаас зориг гарган салсан гэж Засгийн газар тайлбарлаж буй. 
Монгол улс өмнө нь жилд дунджаар төсвийн хөрөнгө оруулалтаар 450-500 орчим шинэ төслүүд эхлүүлдэг байсан бол 2025 оны төсвийн төсөлд ердөө 38 дэд бүтцийн шинэ төслийг санхүүжүүлэхээр тусгалаа.
УИХ-аар баталсан 2025 оны төсөвт буй том тоо нь...
o   2025 оны төсвийн нийт эх үүсвэр-35.8 их наяд төгрөг,
o   Урсгал зардал-24.5 их наяд төгрөг,
o   Хөрөнгө оруулалтын зардал – 4.3 их наяд төгрөг,
o   Тогтворжуулалтын сан-608.9 тэрбум төгрөг,
o   Үндэсний баялгийн сан-2.4 их наяд төгрөг буюу нийт орлого 33 их наяд төгрөг. Алдагдал 1,9 их наяд төгрөг. 
Жижиглээгүй, жиргэж тараагаагүй, жинхэнэ хөгжил бодсон төсөл гэж нэг хэсэг нь үзэж байгаа.Иймд одоо төслөө хамгаалж, жалга дов ярьж улс төрчдийн амны бай болгон Засгийн газраа муухай харагдуулж буй сайд нарыг базаж авах гол ажил Л.Оюун-Эрдэнэд үлдэв. 
Бас төсвийн орлого нь буурна. Ийм үед зөв менежмент хийж бүсчилсэн хөгжлөө хамгаалах нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажил.Иргэд ч итгэл тээж хүлээу байна.