Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Вьетнамын Хүнс, хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоан-тай уулзав.
Уулзалтын үеэр Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр орны харилцааны давуу тал, нөөц бололцоонд тулгуурлан бүх салбарт хамтын ажиллалааг өргөжүүлэх талаар ярилцлаа. Хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт үр бүтээмжтэй ажиллаж, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн төлөө талууд үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дэвшилтэт технологид суурилсан хамтарсан үйлдвэр байгуулах, нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд санал нэгдлээ. Манай улсаас Вьетнам Улсад мах махан бүтээгдэхүүн нийлүүлэхэд шаардлагатай тээвэр, логистикийг шийдэж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг хамтын ажиллагааны тулгуур багана болгохоор зөвшилцсөнийг ХХААХҮЯ мэдээлжээ.