Бүсийн хөгжлийн бодлогоос ухарч болохгүй

Бүсийн хөгжлийн бодлогоос ухарч болохгүй

Улсын их хуралд 2025 оны төсвийн төслийг энэ 7 хоногт өргөн барина. 35 их наяд төгрөгийн зарлагатай, 33 их наяд төгрөгийн орлоготой, 1,9 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан төсвийг буруу болжээ гэсэн үндэслэлээр Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ хүлээн авсан. Одоо засаж, залруулах үүрэг нь Засгийн газарт үлдэв. 

Засгийн газраас 2025 оны төсвийн төслийг алдагдалгүй болгон оруулж ирнэ. Ингэхдээ өмнөх шиг орлого нь 33 их наяд төгрөг хэвээр хадгалагдах уу? эсвэл бууруулж оруулж ирэх үү гэдгийг өнөөдөр сангийн яамныхан тоо бодон толгой гашилгаж суугаа. 

Гагцхүү 2025 оны төсвийн төслийг засаж, сайжруулахдаа гол баримтлах ёстой бодлого бол бүсчилсэн хөгжил мөнөөсөө мөн. Өмнөх төсвийн төсөлд бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлаж, гарын салаагаар нэг урсчихдаг байсан төсвийн хөрөнгө оруулалт нэртэй зардлыг хумиж, нэггэсэн бодлогод уяж чадсан сайн бодлоготой байсан. Тухайлбал хэдэн мянган барилга барина гэж тусаж өгдөг зардлыг багасгах замаар бүсийн хөгжлийн гол тулгуур нь юу болох, хаана ямар ажил хийвэл бүс буюу гурваас дөрвөн аймагт хэрэгтэй зэргийг тунгаасан шийдэлтэй байлаа. 

Мөн “Засгийн газраас боловсруулсан Монгол Улсын 2025 оны төсөв бол Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан, бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлэх эхний төсөв. Монгол Улс өмнө нь жилд дунджаар төсвийн хөрөнгө оруулалтаар 450-500 орчим шинэ төсөл эхлүүлдэг, нийтдээ 1,062 орчим төсөлд хөрөнгө хуваарилдаг байсан. Харин 2025 оны төсвийн төсөлд 640 төсөл, үүнээс дэд бүтцийн 38 шинэ төсөл санхүүжүүлэхээр Засгийн газар тусгасан.

 Бүсчилсэн хөгжлийг аймаг, нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэлэх, аймгууд тус тусдаа биш, бүсээс сонгогдсон парламентын гишүүд, иргэдийн оролцоотойгоор бүс, бүсийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогоо нийлж тодорхойлох, зөвхөн төр бүхнийг хийх биш хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, татварын орчноор дэмжлэг үзүүлэх, төвлөрлийг сааруулахаар Засгийн газраас бодлого гарган ажиллаж байгаа гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон ярьдаг. 

Засгийн газар 14 мега төслийг боловсруулсан. Эдгээр төсөл бүх бүс нутагт хэрэгжинэ. 2021 онд манай улсын ДНБ-ий хэмжээ 43.6 их наяд төгрөг байсан бол “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд 2023 онд 70.4 их наяд төгрөг болж өссөн. Энэ онд 79.2 их наяд төгрөгт хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрт туссан хөгжлийн 14 мега төслийг амжилттай хэрэгжүүлснээр 2028 онд 132.3 их наяд төгрөгт хүрэх тооцоолол хийсэн гэдгийг өмнө нь төсвийг хэлэлцүүлгийн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын их хурлын чуулганы танхимд мэдэгдэж байсан билээ. 

Харин сангийн сайд Б.Жавхлан төсвийн хориг хүлээн авах чуулганы хуралдааны үед 14 мега төслийн хэрэгжүүлэх хугацаа хойшилж болзошгүй. Дагаад эдийн засгийн өсөлт, хэмжээ хойшлох эрсдэлтэй гэдгийг анхааруулсан. Ийм нөхцөлд 14 мега төслийг хэрэгжүүлэх, бүсчилсэн хөгжлийн тулгуур болсон бодлогыг хадгалан авч үлдэх замаар төсвийг алдагдалгүй болгох нь хамгийн зөв алхам болохоор байна.