Монгол улсын эдийн засаг уул уурхайн салбарт суурилдаг гэж хэлж болно. Тэгвэл уул уурхайн эдийн засгаа тэлэх гол талбар нь одоогийн байдлаар БНХАУ-ыг чиглэж байгаа юм. 10 орчим жил яригдаж байгаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын холболтын асуудлыг урагшлуулах ажил ид өрнөж байна.
10 орчим жил яригдаад байгаа улс төрийн томоохон сэдвийн нэгээр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулальын ажил гэж хэлж болно. Анх хил холболтын ажлыг ярьж эхлэхдээ л өргөн, нарийн царигын асуудал дээр хэлэлцэж чадахгүй байсаар өдийг хүрсэн. Харин Монгол улсын Засгийн газар 2024-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төсөлдөө уг ажлыг эрчимжүүлэхээр нэгдүгээрт эрэмбэлсэн байдаг. Энэ асуудлаар Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын хил холболтын асуудлаар хоёр улс ажлын хэсэг гарган ажиллаж байна. Энэ нь зөвхөн төмөр замын хил холболтын асуудал биш бөгөөд нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван цогц асуудлыг шийдвэрлэнэ.
Монгол улс энэ онд 80 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Энэ нүүрсний ихэнхийг Гашуунсухайт-Ганцмодны боомтын авто тээврээр хийж байгаа. Энэхүү боомтын төмөр замыг ашиглалтад оруулсаны дараа Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавчийн төмөр замын хил холболтууд хийгдсэнээр жилдээ Монгол Улс 120 сая тонноос доошгүй хэмжээтэй нүүрсийг экспортолно гэж тооцож байна. 2024 оны 4 дүгээр сард БНХАУ-ын ЗГ болон Монгол Улсын ЗГ хооронд Ганцмод-Гашуунсухайт хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийг хамтран байгуулах хэлэлцээр байгуулсан нь хоёр улсын хоорондын хоёр дахь хил дамнасан төмөр замын хэлэлцээр болжээ. Ингэснээр нарийн царигийн хилийн шалган нэвтрүүлэхийн зүүн талд өргөн ЦАРИГИЙН ХИЛИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ БАЙГУУЛАХААР БОЛСОН.
БНХАУ-ын талаасаа нарийн царигийн төмөр зам хилээс 300 метрийн зайд бий. Наад талаасаа буюу Монгол тал хилээс 10 км зайтай байгаа. Яг энэ зайдах холболтыг нэг компаниар хийлгэе гэдэг зарчим дээр тохирсон байна. Байгууламжийг барьсны дараа өргөн царигаар Монгол талаас орж, Хятадын талд ачих буулгах терминал дээр очно. Энэхүү төсөвт нийт 979 тэрбум төгрөг гэж тооцож байна. Олон улсын жишгээр овор ихтэй ачаа тээврийг ачиж буулгах терминал барихад урт хугацааны гэрээ хийхээс өөр аргагүй юм.
Тус төмөр зам есөн жилийн өмнө ашиглалтад орсон бол манай улс 232 сая тонн нүүрс тээвэрлэж, 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломжтой байсан гэх тооцооллыг гаргасан. Харин Хятадын талаас 2.3 орчим тэрбум ам.долларын алдагдал, зардал хүлээсэн гэх мэдээлэл байна. Бүтээн байгуулалтын ажил амжилттай урагшилвал уул уурхайн бүтээгдэхүүнээр зогсохгүй говийн бүсийн хөгжил, олон улсын дамжин өнгөрөх транзит тээвэр, байгаль орчин, нүүрсний өрсөлдөх чадвар, бүтээмж тэр хэрээр нэмэгдэх эерэг давуу талууд үүсэх юм. БНХАУ, Монгол Улсын хоёр улсын худалдааны эргэлт 2023 оны байдлаар 17.6 тэрбум ам.долларт хүрсэн. Цаашид 20 тэрбумд хүргэхээр талууд зорьж буй. Энэ дүнд богино хугацаанд хүрэхэд хил холболтын төмөр зам онцгой нөлөөтэй юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын холболтыг хийх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа гэдгээ нотлох үйлдлийг гаргасан. Учир нь УИХ дахь АН, МАН бүлгийн хуралд биечлэн оролцож энэ ажлыг нарийвчлан танилцуулсан байдаг. Ажил явах эсэхийг УИХ-ын 126 гишүүн шийднэ.
Дашрамд сонирхуулахад Хятадын төрийн өмчит “Чайна Энержи” компани нь анх цахилгаан станцын зураг төсөл, барилга угсралт, дулааны, усан цахилгаан, нарны, салхины станцуудад голлох үүргийг гүйцэтгэдэг бөгөөд улсынхаа нийт эрчим хүчний 13 хувийг дангаараа хангадаг аварга компани. 17 компани, 88 нүүрсний уурхайтай бөгөөд жилд 600 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. 2023 оны байдлаар нийт орлого нь 100 тэрбум ам.долларыг давсан байна. Нүүрс тээвэрлэхэд чиглэсэн нийт 2500 км төмөр замтай.